Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан журмуудыг цуцлах ажлыг хийхийг сайд нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар зарим журмыг хүчингүй болгосон байна. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас тодрууллаа.
-Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг чиглэлийг сайд нарт өгсөн юм байна. Яг ямар, ямар ажлыг хийхийг үүрэг болгосон юм бэ?
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Зөвшөөрлийн зөвлөлийг ахалдаг. Энэ зөвлөл бол хамтарсан Засгийн газар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ шат дамжлагуудыг бүх салбарт бууруулах үүрэг чиглэлийг үе шаттай өгсөн. Харин манай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам бусад салбараа манлайлж, үе шаттай зөвшөөрлүүдийг маш богино хугацаанд олгодог болох, онцын шаардлагагүйнүүдийг нь хүчингүй болгох, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг явуулж байна.
-Таны хувьд тодорхой журмуудыг цуцалсан гэж байна. Нийт хэдэн журам хүчингүй болгоод байна вэ?
-Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл, нийслэлийн зүгээс 24 мега төслийг хэрэгжүүлэхэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам тодорхой дэмжлэгийг үзүүлж байна. Ер нь ажилд оролцож байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүст тус дэм болох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр энэ том төслүүдийн 60-70 хувь нь үйлдвэрлэгчид, материалын оролцоо байдаг. Тийм болохоор шат дамжлагийг багасгах, нэмүү өртөг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүд, бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүсээ Засгийн газар бодлогоор дэмжих шаардлагатай. Ингээд судлаад үзэхэд маш олон дамжлагатай зөвшөөрлүүд олгогддог. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энэ олон шат дамжлагыг давах гэж их цаг хугацаа зарцуулдаг. Түүндээ бухимддаг байдал ажиглагдсан.
Өмнө нь барилгын салбарт нийтдээ 120 гаруй зөвшөөрөл авдаг байсан. Үүнийг эхний ээлжинд 80 болгох, бараг 200 орчим хоног шаарддаг байсныг 7-10 хоногт цахимаар шууд шийддэг болох, олон шат дамжлагыг үгүй хийх. Сайд гарын үсэг зурж, улаан тамга дардаг асуудлыг халах ажлыг эхлүүлээд явж байна. Ингэснээр бидний өгсөн шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, хувь хүмүүс шууд цахимаар зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр 11 зүйл, 116 заалт бүхий журам байсан. Зөвшөөрлийн тухай хуульд юу гэж заасан гэхээр зөвшөөрснөөс бусад бүх үйл ажиллагаа нээлттэй байна гэчихсэн. Тийм болохоор журмуудыг гурван зүйл, 10 заалт болгосон.
-Танай салбарт зөвшөөрөл авахад нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардахгүй болгосон гэсэн үү?
Тэгсэн, нийгмийн даатгалын шимтгэл заавал нэхдэг байсныг болиулж, инженер, техникийн ажилчид заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр зөвшөөрлөө авах боломжуудыг бий болгож байна. Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцны салбарын мэргэжилтнүүд дутмаг байдаг. Гэтэл хоёр хөршийн сургууль болон дотоодын сургууль төгссөн нарийн мэргэжилтнүүдийг дүйцүүлэх хэлбэрээр зөвшөөрлийн үйл ажил лагаанд нь оруулдаг болгосон. Инженер, техникийн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийх хоногийг болиулсан гээд товчхондоо хэлэхэд энэ мега төслүүдэд оруулах барилгын салбарын үйл ажиллагаанд оролцдог хүмүүсийн урам зоригийг сэргээх, шат дамжлагыг байхгүй болгох, ажлаа шуурхай хийхэд туслах эдгээр дэмжлэгийг манай яамнаас үзүүлж байна.
-Цаашид ямар ажлууд хйихээр төлөвлөж байна вэ?
-Барилгын тухай хуулийг энэ хаврын чуулганаар өргөн барина. Мөн Хот байгуулалтын болон Орон сууцжуулалтын тухай хуулиудыг ч өргөн барихаар бэлтгэж байна. Ингэхдээ чөлөөт өрсөлдөөн, хувийн хэвшлийг дэмжсэн байдлаар хуульд олон заалтууд оруулж өгөхийг зорьж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ олон талт хэлэлцээрүүдийг хийж, олон удаагийн хэлэлцүүлгийн явцад дараа дараагийн хуулиудад энэ зөвшөөрлийн үйл ажиллагааг улам төвөгшилгүй болгох, бизнес эрхлэгчдийг ажлаа хийхэд нь элдэв дарамтгүй болгохын төлөө зорьж ажиллана.
Т.Хөвсгөл