Өнгөрсөн долоо хоногийн эхээр хэврэг болж, дуусгавар болох эрсдэлд ороод байсан гал зогсоох тохиролцоо бямба гарагийн барьцааны хүмүүс болон хоригдлуудыг харилцан суллаж, солилцсоны дараа хэвийн болоод байна.
Хамас бүлэглэлийн зүгээс тохиролцооны дагуу Израилын 3 барьцааны иргэнийг сулласан бол хариуд нь Израилын тал 360 гаруй Палестины хоригдлуудыг суллажээ.
Тодруулбал, Америк-Израил давхар иргэншилтэй, 36 настай Сагуи Декел-Чэн, Аргентин-Израил давхар иргэншилтэй, 46 настай Яир Хорн болон Орос-Израил давхар иргэншилтэй, 29 настай Александр Труфанов нарыг Хамас бүлэглэл суллан хүлээлгэн өгсөн бол хариуд нь Израилын шоронд хоригдож байсан 369 хоригдлыг чөлөөлсөн байна.
Өнгөрсөн сарын 19-нд эхэлсэн гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд ийнхүү одоогийн байдлаар 19 барьцааны хүн болон 1000 гаруй палестины хоригдлыг суллаад байна. 6 долоо хоног үргэлжлэх эхний үе шатанд Израилын 33 барьцааны хүнийг Палестины 1900 хоригдлоор солилцохоор тохирсон юм.
6 дах удаагийн солилцоо Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод нэлээд өндөр зохион байгуулалтан дор явагдаж, Хамас бүлэглэл дээрх 3 барьцааны хүнийг Улаан Загалмай нийгэмлэгийн албан хаагчдад хүлээлгэн өгч, улмаар тэднийг цэргийн нисдэг тэргээр Израилд хүргэн авчирч, эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамруулсны дараагаар ар гэр, төрөл төрөгсдөд нь хүлээлгэн өгчээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп барьцааны хүмүүс суллагдсан талаар бямба гарагт онцолж, Хамас бүлэглэл сүрдүүлгээ зогсоож, барьцааны хүмүүсийг сулласан гэдгийг тодотгожээ. Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц мөн нийгмийн сүлжээндээ үлдсэн бүх барьцааны хүмүүсийг удахгүй суллаж, эх орондоо буцааж авчрах тал дээр Израил улс АНУ-тай үргэлжлэн хамтран ажилласаар байх болно гэсэн байна.
Үлдсэн хугацаанд Хамас бүлэглэл ахин 14 барьцааны хүнийг суллах ёстой байгаа ба тэднээс 8 нь амиа алдсан гэж Израилын тал үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хамас бүлэглэл 6 барьцааны хүнийг 8 барьцааны хүний шарилын хамт Израилын талд хүлээлгэн өгөх ёстой.
Харин Израил-Хамасын дайн эхэлснээс хойшхи хугацаанд өнөөдрийг хүртэл нийт 141 барьцааны хүнийг Хамас бүлэглэл суллаад байгаагийн 81 нь Израилын иргэн, 24 нь бусад улс орны иргэд байгаа юм.
2025-02-19 07:21:58
prey for them