Сошиал орчинд цахим залилан хүчээ авсаар байгаа тухай хууль хяналтын байгууллага анхааруулсаар байгаа. Тэгвэл цахим орчинд өрнөж байгаа залилангуудын зарим нь “цахим сургалт” нэрээр өрнөдөг аж. Ковидын цар тахлын үеэс цахим сургалтууд газар авч эхэлсэн байдаг.
Төрөөс үнэгүй явуулж, сертификат олгодог сургалтыг төлбөртэй хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудаас мөнгө авсан төрийн албан хаагч нарын хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Онлайнаар сургалтад хамрагдахаар мөнгөө өгч бүртгүүлсэн 150 иргэн “Төрийн албан хаагчид авлига өгөхийг завдсан” гэгдэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Энэ хэрэгт холбогдсон 150 хүнээс 6-г нь шүүхэд шилжүүлжээ.
Тиймээс иргэд цахим сургалтад суух гэж байгаа бол сайтар шалгаж байж, төлбөрөө шилжүүлэхгүй бол өөрөө мэдэлгүй цахим луйвар, цаашлаад төрийн албан хаагчдад авлига өгөх гэмт хэрэгт холбогдож болох эрсдэл байгааг анхааруулъя.