horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүйтнээс айх биш, хүйтнээ зарах хэрэгтэйг Харбинаас харж болно

post-img

Хятадын хамгийн зүүн хойд Хармөрөн мужийн Харбин хот цас мөсөөрөө наадаж, өвлийн аялал жуулчлалыг тултал хөгжүүлсэн газар. Харбин хотод болсон Азийн өвлийн наадмын хаалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, Гашуун Сухайт боомтын хил холболтын түүхэн гэрээ байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлалын салбарынхан багтаж, Харбины алдартай цас мөсний наадмыг үзээд ирлээ.

Хармөрөн муж бол хойд талаараа Оросын Алс Дорнодтой хиллэдэг, Сибирийн хүйтэн уур амьсгалтай Хятадын “дунбэй” буюу зүүн хойд хязгаар нутаг. Өвөр Монголын Хянган аймгийн цаана, манай улстай өргөргийн нэг түвшинд оршдог, Сибирийн хүйтэн уур амьсгалтай нутаг.

Харбины Цас мөсний наадам 12 сараас 2 сар хүртэл үргэлжилж, бараг 20 сая шахам жуулчин хүлээн авч, 30 шахам тэрбум юанийн орлого оруулдаг асар том бизнес. Харбин хотын дундуур урсдаг Сонгхуа голын тохой дахь Мөсөн хот, салаа голын дундах Наран арал дээрх цасан урлагийн үзэсгэлэн гээд нэг нь мөс, нөгөө нь цасаар дагнасан хоёр паркийг үзэх гэж өвөлжингөө өглөө үдэш, өдөр оройгүй олон мянган зочин багширч байна. Мөсөн хот нь жилийн жилд тодорхой сэдэв доор 60 га талбайг хамруулан, уудам талбайд мөсөөр бүтэн хот байгуулчихдаг юм байна. Өнөө жилийн сэдэв нь Азийн наадам учраас наадамд оролцсон Азийн 34 орон бүрийн нэг уран барилгыг онцолж мөсөөр бүтээжээ. Яасан ч сүрлэг юм, ямар ч үзэсгэлэнтэй юм. Өдөр нь болор тунгалаг мөсөн хот, шөнө нь өнгө өнгийн гэрлээр туяарсан үлгэрийн орон.

Нөгөө үзмэр болох Цасан урлагийн үзэсгэлэн бол жил жилд газар газрын урчуудын дунд цасан урлагийн уралдаан хийж, шилдгүүдийг нь харуулдаг цасан урлагийн галерей юм байна. Монголын уран бүтээлч 4 залуугийн хийсэн гоё бүтээл хүндтэй байранд заларчээ.

Сонирхолтой нь дараа жилийн мөсөн хот байгуулах мөсөө одоо бэлддэг юм байна. Учир нь 12 сарын эхээр мөсөн хот байгуулж эхлэх үед голын мөс хангалттай зузаарч хөлдөж амжаагүй, өөрөөр хэлбэл, хангалттай “барилгын материал” байдаггүй аж. Нэг жилд хэрэглэх 200,000 гаруй куб метр мөсийг Сонгхуа голоос бэлдээд асар том том мөсөн нуруу болгоод өвсөөр хучаад бүтэн жил хадгалдаг аж. Мөсөн нуруу гаднаасаа жаахан хайлмагтсан ч өөрөө өөртөө хөргөгч болоод зуны халууныг хүртэл даван туулж, дараа өвлийн мөсөн хот байгуулахад бэлэн байдаг.

Бидний авах сургамж бол аялал жуулчлалд өвөл асуудал биш боломж юм байна, хүйтнээс айх биш хүйтнээ зарах хэрэгтэй юм байна. Олон юм хэрэггүй, өвлийн наадам, цас мөсөн урлантай нэг л брэндээ хөгжүүлсэн шиг хөгжүүлээд, зарласан шиг зарлаад, зарсан шиг зараад, аялал жуулчлалын асар зөрүүтэй улирлын ялгаагаа арилгахын төлөө хүчээ нэгтгэх нь л чухал юм байна.

Т.Баттулга

0/1000