АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн Газын зурвасын 2 сая хүн амыг хөрш орнуудад дахин байршуулж, улмаар сэргээн босголтыг явуулах тухай санал санаачилгын асуудлаар Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар ярилцлаа.
Тэд Иерусалим хотноо уулзсан бөгөөд энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн алсын харааг бодит бодлого төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэж, Газын асуудал дээр хоёр улс ижил байр суурьтай байгааг, мөн “маш бүтээлч, үр дүнтэй” яриа хийсэн талаар Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху онцолжээ.
Израилын ерөнхий сайдын албанаас ням гарагт мэдэгдэл хийж, 2-р сарын 17-ны даваа гарагт гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны асуудлаар яриа хэлэлцээ явуулах Израилын төлөөлөгчдийн баг зуучлагч Египет улсын нийслэл Каир хотыг зорих болно гэжээ. Анх хэлэлцсэнээр ёсоор бол хоёр дах үе шатанд дайн байлдааныг бүрмөсөн зогсоохоор учиртай.
Марко Рубио АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хувиар Ойрхи Дорнодын бүс нутагт хийж байгаа анхны айлчлалынхаа хүрээнд ийнхүү Израилд айлчилж, Б.Нэтаньяхутай уулзлаа. Түүний айлчлалтай зэрэгцээд мөн Израилд нийлүүлэх Америкт үйлдвэрлэсэн МК-84 загварын тэсрэх бөмбөг Израил улсад хүргэгдэн ирсэн байна.
Марко Рубио үргэлжлээд Саудын Араб улсад айлчилж, тус улсад байх хугацаандаа ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй Украины дайны асуудлаар яриа хэлэлцээ явуулахаар болоод байгаа юм. Сонирхолтой нь Америк-Оросын энэхүү уулзалтад Украин болон Европын орнууд уригдаагүй байна.