horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Украины дайны асуудлаарх АНУ-Оросын яриа хэлэлцээ мягмар гарагт Саудын Араб улсад явагдана

post-img

Украины дайныг өндөрлүүлэх АНУ-Оросын яриа хэлэлцээ 2-р сарын 18-ны мягмар гарагт Саудын Араб улсад явагдах талаар Axios, NBC News, Коммерсант гэх зэрэг Америк, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна. 

Америк, Оросын өндөр дээд албан тушаалтнуудын хооронд явагдах энэхүү уулзалтын үеэр Украины дайныг төгсгөх гэрээ хэлэлцээрийн асуудал болон мөн Трамп-Путины дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэх болно гэдгийг үйл явдалд ойр хоёр баттай эх сурвалж мэдээлснийг барууны хэвлэлүүд онцлоод байна.

Нийтэд ил болсон мэдээллээр яриа хэлэлцээнд оролцогч АНУ-ын талын баг бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, Ойрхи дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар багтаж байгаа бол ОХУ-ын төлөөлөгчдийн багт ямар албан тушаалтнууд багтах нь тодорхойгүй байгаа ч тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров даргалах тухай хэвлэлүүд мэдээллээ.

Майк Уолц, Стив Уиткофф нар ням гарагийн шөнө Саудын Арабыг зорих болно хэмээн Fox News сувагт ярилцлага өгөхдөө С.Уиткофф мэдэгдсэн бол Ойрхи Дорнодын улс орнуудад айлчилж яваа төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт Саудын Араб улсад ирээд байна.  

Ийнхүү Украины дайныг төгсгөх асуудлаарх яриа хэлэлцээ явагдах нь тодорхой болсон бол уулзалтанд Украин улсыг уриагүй нь Украины талыг нэлээд бухимдахад хүргээд байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Мюнхены аюулгүй байдлын бага хуралд оролцож, үг хэлсэн Украины ерөнхийлөгч В.Зеленский Украин улс уулзалтын урилга аваагүй гэдгийг тодотгосон.

Мөн өнгөрсөн долоо хоногт В.Зеленский Украины асуудлаарх яриа хэлэлцээнд Украин, мөн түүнчлэн Европыг оролцуулаагүй тохиолдолд энхийн гэрээ байгуулагдахгүй гэсэн байр сууриа илэрхийлж, үүнийгээ ч мөн Мюнхены аюулгүй байдлын бага хуралд үг хэлэхдээ ахин илэрхийлсэн юм.

Харин Америкийн NBC News сувгийн мэдээлснээр АНУ Украины дайны асуудлаар сөргөлдөгч талуудтай хоёр талт уулзалтуудыг явуулсны дараа хамтарсан яриа хэлэлцээ явуулах хандлагатай байгаа учраас эхний ээлжинд энэхүү АНУ-Орос, дараагаар нь АНУ-Украин гэсэн уулзалтыг явуулах болно гэжээ.

Үүнийг мөн Стив Уиткофф, Марко Рубио нар ч мөн цухас хэлсэн байна. Стив Уиткофф ням гарагт хэлэхдээ “Украин улс яриа хэлэлцээний нэг хэсэг мөн. Хэн нэгнийг хасах биш, харин бүгдийг нь оролцуулах тухай яриа хэлэлцээ” хэмээн хэлсэн бол Марко Рубио “хэрвээ ОХУ үнэхээр энхийн гэрээ байгуулах хүсэлтэй гэдгээ батлан харуулж, жинхэнэ яриа хэлэлцээ явагдвал Украин болон Европ үүнд заавал оролцох ёстой” гэж хэлсэн юм. Мөн тэрээр ойрын хэдэн өдрүүдэд л В.Путин үнэхээр энэ дайныг дуусгаж, энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа эсэх нь харагдана гэдгийг онцолсон байна.

Ийнхүү АНУ-ОХУ нэг талд дангаараа уулзахаар болоод байгаа бол нөгөө талд даваа гарагт Украин болон Европын аюулгүй байдлын асуудлаарх албан бус яаралтай уулзалтыг Францын ерөнхийлөгч Э.Макрон зарлан явуулахаар болсон байна. Уг уулзалтанд Герман, Их Британи, Итали, Польш, Испани, Нидерланд, Дани улсуудаас гадна мөн НАТО-гийн ЕНБД, Европын зөвлөл болон Европын Комиссын ерөнхийлөгч нар оролцохоор болжээ.

0/1000
reader

good