Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдийн гомдол тасрахгүй байгаагийн цаана ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлэхгүй хохироож байгаа асуудал бий. Эмнэлгүүдийн гомдлыг шийдвэрлүүлэх тал дээр ажиллаж байгаа хуульч Т.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа.
—————————————————————–
-ЭМД-ын санхүүжилтээс болж хохирсон тухай иргэд, эмнэлгүүдээс гомдол их ирж байгаа мэдээлэл байна. Яг ямар төрлийн гомдол ирж байна вэ?
-Даатгалын сангийн мөнгөн хөрөнгөний тухай бүгдээрээ мэдэж байгаа байх. Яагаад энэ мөнгийг хэн ч нэхдэггүй юм бол? “Капитал” банктай холбоотой асуудал нь хэрхэн шийдэгдсэн юм бэ? “Чингис хаан” банктай ямар хариуцлага тооцох вэ? Ер нь тэр сайд, дарга нарын яриад байгаа мөнгөн хөрөнгө нь хэзээ орж ирэх юм бол гээд хариулт нь тодорхойгүй асуултууд ЭМДС-тай холбоотойгоор хүлээгдсээр байна. Энэ мөнгө орж иртэл иргэд өвдөх эрхгүй байж байх юм уу гэдэг асуулт ч урган гарна. ЭМДС-тай холбоотойгоор олон асуудал яригдаж байгаагийн зах зухаас дурдах гэж оролдъё. 2021 оноос эхлэн эмнэлгийн бүх үйлчилгээг 100 хувь ЭМД-аар шийддэг болгоно гэж яригдаж байсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авах журмыг ЭМДҮЗ баталсан. Энэ журмаар эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээний өртөг, төлбөрийн хэмжээг тогтоосон. Гэвч энэ журамд заасан өвчнийг үзэж оношлох, эмчлэх өртөг, үнэлгээ бодит амьдралтай нийцээгүй. Жишээлбэл: Ходоодны мэс заслыг 2 сая төгрөгөөр үнэлсэн гэдэг ч юм уу. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан энэ үнэлгээнд хувийн эмнэлгүүдээс огт санал аваагүй гэдгийг дурдах ёстой. Тухайн үедээ эмнэлгүүд гомдол гаргаснаар дээрх журмаар тогтоосон үнэлгээг өөрчилсөн ч эмчилгээ үйлчилгээний зардалтай бодитойгоор уялдах өртгийг одоо хэр нь тогтоож чадаагүй л байна. Гэхдээ эмнэлгүүдийн гомдолтой холбоотойгоор жилдээ 1 удаа өөрчилдөг ч энэ нь хөрсөн дээрээ буугаагүй шийдвэрүүдийн нэг хэвээрээ байгаа юм.
-Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон үнэ тариф хөрсөн дээрээ буухгүй байгаа учраас эмнэлгүүд тухайн эмчилгээ үйлчилгээг иргэдэд ЭМД-ын санхүүжилтээр үзүүлдэггүй гэсэн үг үү?
-Хэдийгээр бодитой үнэлгээ биш ч гэсэн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн журмын эмчилгээ үйлчилгээний өртгийг зөвшөөрөөд, иргэдэд үйлчилж байгаа. Гэвч тэр үйлчилгээнийх нь мөнгийг хүртэл үндэслэлгүй хасдаг асуудал бас бий. Манай хуулийн фирм ЭМДС-гаас мөнгөө авч чадаагүй 3 эмнэлгийн хэргийг шийдүүлж байсан. Одоо ахиад ч ийм төрлийн гомдол гаргаад, шүүхэд хандсан хэд хэдэн гомдол байна. Дээр нь 200 гаруй хувийн эмнэлгүүдийн гишүүнчлэлтэй Хувийн эмнэлгүүдийн холбооноос ч нэхэмжлэл гаргасан байгаа. Эмнэлгүүдийн мөнгийг хууль бусаар хасдаг. Мөнгөө хасуулахгүй гэсэн эмнэлгүүдийн цахим системийг хааж боодог асуудал байна. Хамтран ажиллах гэрээгээ цуцлах, эсвэл гэрээний хугацааг богиносгоно гэж дарамталдаг тохиолдол ч байгаа юм. ЭМДЕГ-аас хувийн эмнэлгүүдтэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Тус газартай гэрээ байгуулчхаад хохирч үлдэж байгаа эмнэлэг олон бий. Гэхдээ маргаан шийдэгдээгүй учраас хохирсон эмнэлгүүдийн нэрсийг шууд ил зарлаад байх боломж одоогоор бүрдээгүй байна. Шүүхээр хэрэг нь шийдэгдсэн хэргүүдээс гэвэл “Болор мэлмий” эмнэлгийг дурдаж болно. Тус эмнэлгээс шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, асуудлаа шийдүүлсэн байдаг. Энэ бүхнээс харахад ЭМДЕГ хууль бусаар журам баталж, тэр журмаараа эмнэлгүүдэд очих ёстой төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.
-Олон эмнэлэг ЭМДЕГ-аас болж хохирсон бололтой юм. Тэгвэл эмнэлгүүд яагаад энэ асуудлыг ил гаргаж тавьдаггүй юм бол?
-ЭМДС-гаас санхүүжилтээ авч чадаагүй эмнэлгүүд мэдээж гомдолтой байгаа. Системээ хаалгасан эмнэлгүүд ч бий. Гэхдээ эмнэлгүүд тэр бүр асуудлыг ил гаргаж тавьдаггүй. Учир нь цаашид ЭМДЕГ-тай харилцаагаа муутгахыг хүсдэггүйгээс тэр. Хувийн эмнэлгүүд хохирч байгаа дээрх жишээнүүдийг мэдэх хуульчийн хувьд хэлэхэд, ЭМДЕГ ийм хууль бус үйлдэл хийж болохгүй. Уг нь өвчтөн орж ирээд, хурууны хээгээ уншуулангуут л тухайн эмнэлэг эмчилгээ үйлчилгээгээ эхлэх учиртай. Гэтэл цахим системийг нь хаачихсан эмнэлэг тухайн өвчтөнд ЭМД-ын зардлаар үйлчилж чадахгүй. Төлбөртэй үйлчлэх эсвэл улсын эмнэлэг рүү явуулахаас өөр сонголтгүй болдог. Улсын эмнэлэг гэтэл ачааллаа дийлж байгаа бил үү, хүртээмж, тоног төхөөрөмж, чадал чансаа нь хэр билээ. Ядахдаа улсын эмнэлэгт удтал дугаарлаж байж үйлчлүүлсэн өвчтөн өөр өөр олон газарт очиж, шинжилгээ өгөх шаардлага үүсдэг гээд зовлон их бий шүү дээ. Уг нь иргэд өөрт хамгийн ойр эмнэлэгтээ л хандах хүсэлтэй байдаг.
ЭМД-аар иргэдэд үйлчилчхээд мөнгөө авч чадаагүй хувийн эмнэлэг маш олон байна. Жишээлбэл 1 тэрбум төгрөгөөр хохирчихсон хэд хэдэн эмнэлэг байгааг бид ярих ёстой. Мөнгөө авч чадаагүй эмнэлгүүд иргэдэд нэг ёсондоо үнэгүй үйлчилсэн болж таарч байгаа юм. Гэтэл хувийн эмнэлэг чинь бизнес шүү дээ.
Ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, цалин хөлс, үйл ажиллагааны зардал гээд бүх ажил үйлчилгээ өөрийн гэсэн зардалтай. Олон эмнэлэг хохирсон эдгээр гомдол дээр ажиллахаар холбогдох албаны хүмүүс “Сан мөнгөгүй” гэдэг ганцхан тайлбар л хэлдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд иргэдийн төлсөн Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хаачсан юм бэ гэдэг асуудал ахиад сөхөгдөнө. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд. хувийн эмнэлгүүдэд юм уу эсвэл иргэдэд асуудал байгаа юм биш. Зөвхөн ЭМДС-гийн менежментийг буруу удирдаад байгаатай холбоотой асуудал болж таараад байна.
-ЭМД-аараа эмчлүүлж чадаагүй иргэдийн гомдол танай байгууллагад их ирсэн үү?
-Иргэдийн гомдол тасрахгүй байна. ЭМД-аараа эмнэлэгт үзүүлж, харуулъя гэдэг хүмүүсийн олонх нь өндөр настан байдаг. Тэтгэврээрээ амьжиргаагаа залгуулж байгаа ахмадууд энэ асуудлаас болоод хохирч үлдэж байна гэсэн үг. ЭМДЕГ-ын цахим хуудсанд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүдийн нэрс бий. Гэвч тухайн эмнэлгүүдэд иргэд хандахаар “ЭМДЕГ-аас квот тогтоочихсон. Тэр квот дуусчихсан учраас иргэдэд ЭМД-аар үйлчлэхгүй” гэдэг юм. Жишээлбэл: Зарим эмнэлэг жилд 20-хон хүн үзэх ёстой. 20-хон хүний эмчилгээ үйлчилгээ дороо л бүрдчихнэ шүү дээ.
-ЭМДС мөнгөгүй болсонтой холбоотойгоор олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг ЭМДС-гаас санхүүжүүлэхгүй байх шийдвэр гарсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Манай хуулийн фирмд хандсан 30 орчим эмнэлэг байна. Эдгээр эмнэлэг ЭМДЕГ-тай гүйцэтгэлээрээ санхүүжих гэрээ байгуулсан байдаг. Гэтэл эмнэлгүүдэд үзлэгийн тоо зааж өгдөг, үйлчилгээнийх нь хэмжээг цөөлсөн асуудал бий. Тэр бүү хэл зарим эмнэлэгт шал өөр оношийн санхүүжилт олгох хуваарилалт хийсэн асуудал хүртэл гарсан. Тухайлбал, Дотрын эмнэлэгт уламжлалтын эмчилгээний санхүүжилт олгоно гэдэг ч юм уу. Ийм бодит байдалтай уялдахгүй шийдвэр хүртэл гаргасан байгаа юм. Зарим том эмнэлэгт түлхүү санхүүжилт олгоод, үлдсэн эмчилгээний санхүүжилтийг жижиг эмнэлгүүдээр хүчээр шахаж байгаа юм биш биз гэсэн хардлага надад төрж байгааг нуухгүй ээ.
-Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа
2025-02-17 12:31:35
Эрүүл мэндийн даатгалыг урд онуудыг нөхөж авдаг аа болих хэрэгтэй. Даатгал төлөөд ямарч нэмэр алга мөнгөөр үзэж байна шүү эмнэлгүүд улсын эмнэлэгт 1шүд авахуулахад 25000 төгрөг иймээс даатгалыг нөхөж төлүүлэхээ болих хэрэгтэй