Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 100 мянган төгрөгийг сар шинийн баярын өмнө олгоно гэдгээ засгийн газраас мэдэгдсэн. Нүүрсний үнэ өндөр байсан 2024 онд тус компани 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласны 3,8 их наядыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг байдлаар тараахаар шийдвэрлэсэн бөгөөд 1 иргэнд 350 мянган төгрөг ногдож байгаа юм. Засгийн газрын зүгээс ногдол ашгийг эхний хэсэг 130 мянган төгрөгийг оны өмнө олгосон бол одоо 100 мянган төгрөг тараах бэлтгэл ажлыг өрнүүлж иргэдээс хувьцааны мөнгөө бэлнээр авах уу эсвэл хадгалах уу гэдэг санал асуулгыг И-Монголиа системээр авч байна. Сар шинийн баяртаа бэлтгээд иргэд хаа сайгүй мөнгөний эрэлд гарсан өдрүүдэд төрөөс мөнгө тараана гэдэг нэг талаасаа таатай мэдээ. Гэвч нөгөө талдаа импортын барааны борлуулалтыг дэмжсэн эдийн засагт хор нөлөөтэй шийдэл болж байгааг эдийн засагчид мэдэгдээд байгаа юм. Судлаач эдийн засагч Ч.Сосорбарам:
“Эдийн засаг идэвхэжсэн сар шинийн баярын өмнө бэлэн мөнгө тараах нь инфляцыг хөөргөх том шалтгаан болно. 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах нийт үнийн дүн 1,1 их наяд төгрөг. 1 жилийн өмнө гэхэд инфляц 7 хувьтай байсан бол 2025 онд мөнгө тараасны нөлөөгөөр инфляц 2 оронтой тоонд байх нь тодорхой болчихлоо. Зах зээлд шууд их наядаар тоологдох хэмжээний бэлэн мөнгө цутгах нь импортын барааны борлуулалтыг шууд дэмждэг сөрөг нөлөөтэй. Энэ нь эргээд үндэсний үйлдвэрлэгчдэд цохилт үүсгэх эрсдэл юм. Бэлэн мөнгө тарааж байгаагийн үр дүн, макро эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлсийг харахад инфляци цаашид өсөх нөхцөл бүрдээд байгаа харагдаад байна” гэж мэдэгдлээ.
Харин судлаач эдийн засагч Н.Туяагийн зүгээс “Мэдээж их хэмжээний мөнгөний нийлүүлэлт зах зээл дээр үнэ өсгөж л таарна. Тараах нь зөв буруу гэхээс илүү улс төрчид өөрсдийн халааснаас өгч байгаа юм шиг шоудаж, улс төрийн авлига мэт олгож байгаа нь буруу муухай байна. Улс төрийн буруу шийдвэрийн төлбөрийг эргээд иргэд хэд нугалж төлж байна” гэдэг дүгнэлттэй байна.
1072 ширхэг хувьцааны ногдол ашиг 100 мянган төгрөг энэ 7 хоногтоо багтаж иргэдийн дансанд орно. Харин үлдэгдэл 100 мянган төгрөгийг ирэх 4-5 сард олгоно гэсэн тов байна.