Одоогоос 10 жилийн өмнө төрийн байгууллагууд хэвлэлийн төлөөлөгчтэй байв. Тухайн байгууллагын талаар ямар ч мэдээлэл авсан, аль ч дарга мэргэжилтэнтэй уулзана гэхэд бүгдийг хэвлэлийн төлөөлөгч ганцаараа зохицуулж дөнгөдөг байлаа. Ганцхан хэвлэлийн төлөөлөгчтэй төрийн томоохон нэгжүүд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй мэдээллээ өгдөг байсан юм. Байсан гэж ярихаас аргагүй нөхцөл байдал өнөөдөр төрд үүсчихлээ. Одоо бол төрийн байгууллагуудын хэвлэлийг бүхэл бүтэн алба агентлаг гүйцэтгэх болжээ. Төрийн сайд дарга нараас хүссэн сэтгүүлч ярилцлага авч асуулт асуух боломж үндсэндээ алсарчээ гэж дүгнэхэд хол зөрөхгүй болов уу. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 10 жилийн өмнөхөөс огцом өссөн байж болох ч иргэдэд ажлаа тайлагнаж мэдээлэл өгөх нь уг нь төрийн нэг чиг үүрэг баймаар. Даанч одоогийн дарга нар сэтгүүлчдэд цаг гаргах хүсэлгүй болжээ. Дарга битгий хэл дунд шатны мэргэжилтнүүд хүртэл хэвлэлийнхний олон асуултад хариулахаас төвөгшөөж өөрсдийн цалинжуулдаг хэвлэлийн алба агентлагаараа хүссэн яриагаа таслаад илгээдэг болов. Уг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд асуух асуулт, өөр өөрсдийн өнцөг, асуудлыг харж байгаа байр сууриараа ялгарч байж олон ургалч үзэлтэй хараат бус сэтгүүл зүй орших учиртай. Харин бидний сонгосон төр засаг нэг сувгаар, гаргахыг хүссэн мэдээллээ л ард иргэд рүү илгээдэг болж байна.
2010 онд төрийн албан хаагчдын тоо 155 мянга байхад төрийн 1 агентлагт 1 л хэвлэлийн төлөөлөгч ажилладаг байж. Харин өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 228 мянгад хүрчээ. Төрийн алба 15 жилийн өмнөхөөс 73 мянгаар нэмэгдсэн байна. Гэхдээ ганцаараа хийдэг байсан хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг бүхэл бүтэн 5-10 хүнтэй агентлаг хийж гүйцэтгэнэ гэдэг хэтийдсэн данхар бүтэц байлтай. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа энэ олон төрийн албан хаагчид дарга нартаа таалагдах ярилцлагыг авч телевиз, сайт, сонины редакц руу бөөн бөөнөөр нь бөмбөгдсөөр.
Мэргэжлээрээ амжилттай ялгарч байсан авьяаслаг олон сэтгүүлч дарга нарын ивээлд багтаж төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч болсон. Төрд ажилладаг болсноор нь тэднийг буруутгах гэсэнгүй. Хэн ч гэсэн цалин хангамж, ажлын байрны орчноо харах нь дамжиггүй. Рекламаараа санхүүждэг хэвлэл мэдээллийн хувийн байгууллагаас хамаагүй илүү цалин хангамж төрд байгаа нь гарцаагүй. Мэдээж бүхэл бүтэн төр засагтай өрсөлдөх хэмжээний хувийн хэвлэлийн байгууллага Монгол улсад байх боломжгүй нь ойлгомжтой.
Ганцхан жишээ дурдахад Нийслэлийн засаг дарга гэдэг албан тушаалтан өмнө нь багадаа 7 хоногтоо 1 удаа сэтгүүлчдийн өмнө зогсоод асуултад чөлөөтэй хариулдаг байлаа. Хотын мэр битгий хэл Ерөнхий сайд 7 хоног бүр 30 минутыг сэтгүүлчдэд зориулдаг байсан цаг саяхан. Харин одоогийн хотын удирдлагууд сэтгүүлчдийн дуранд өртөнө гэдэг нүдний гэм.
Олон ургалч үзэлтэй, олон хэвлэл мэдээлэлтэй байж гэмээнэ төрд хяналт тавих бололцоо иргэдэд бүрдэх учиртай. Дарга нарын өөрсдийгөө ард олноос, хэвлэлээс хэт холдуулсан хэвлэлийн албуудын данхар бүтэц энэ чигээрээ үргэлжилбэл ардчилсан монгол улсын хэвлэл мэдээллийн салбар нэг урсгалтай авторитар дэглэмтэй улсаас ялгарахгүй хэмжээнд хүргэх вий.