Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хамас бүлэглэл гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд суллах ёстой сүүлийн 6 барьцааны хүнийг суллаж, Израилын талд хүлээлгэн өгсөн бол Израилын тал палестины хоригдлуудыг суллахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн нь гал зогсоох тохиролцооны ирээдүйг тун бүрхэг болгоод байна.
Гал зогсоох тохиролцооны эхний үе шат дуусахад ганцхан долоо хоног үлдээд байхад ийнхүү Хамас бүлэглэл хүлээсэн үүргээ биелүүлээд байгаа бол Израилын тал Хамасыг өөр хүний шарил илгээсэн шалтгаанаар олон зуун палестин хоригдлуудыг суллахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулна гэдгээ мэдэгдлээ.
Хамас бүлэглэл 2023 оны 10-р сарын 7-ны өдөр Нова хөгжмийн фестивалиас олзлогдсон 3, Израилын өмнөд хэсэгт гэрээсээ олзлогдсон 1, мөн Газын зурваст арваад жилийн өмнө нэвтрэхдээ олзлогдсон 2 Израилын иргэнийг бямба гарагт сулласан байна.
Тодруулбал Омер Венкерт, Омер Шем Тов, Элияа Коэн, Шем Тов, Тал Шохам, Вера Менгисту гэсэн Израилын 6 иргэнийг сулласан бол хариуд нь Израилын талаас 600 гаруй палестины хоригдлуудыг суллах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ.
Үүний шалтгаан нь Хамаст барьцаалагдсан байхдаа Израилын агаарын довтолгоонд өртөж, амиа алдсан гэж мэдэгдсэн эх, хоёр хүүгийн шарилыг Израилын талд хүлээлгэн өгсний дараа эхийнх нь шарил өөр хүнийх байна хэмээн Израилын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдсэнтэй холбоотойгоор маргаан үүссэн юм. Шири Бибас хэмээх тэрхүү барьцааны эмэгтэйн шарилын оронд палестин эмэгтэйн шарилыг илгээсэн уг үйл явдал өнгөрсөн пүрэв гарагт болсон бол баасан гарагт нь Палестины Мужахедин Бригад хэмээх жижиг зэвсэгт бүлэглэлийн зүгээс жинхэнэ Шири Бибасын шарилыг хүлээлгэн өгсөн нь ДНХ-ийн шинжилгээгээр мөн болох нь батлагдсан ажээ.
Дээрх алдааг Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху “гал зогсоох тохиролцоог зөрчсөн харгис, хэрцгий явдал” гээд өшөө авна хэмээн амласан бол Хамас бүлэглэлийн зүгээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн юм.