1958 онд 750 гаруйхан мянган хүн амтай байсан Монгол Улсын хүн ам бараг 5 дахин өсжээ. Төрөлтөөс гадна хүн амын дундаж нас уртсаж байгаа нь үүнд гол нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг юм.
Хамгийн сүүлийн статистик мэдээллээр монгол хүний дундаж нас 71,5 болжээ. Эмэгтэйчүүдийн дундаж нас эрэгтэйчүүдийнхээс 9-өөр урт буюу 76 бол эрэгтэйчүүдийн дундаж нас 67 болоод байна. Дундаж нас нэмэгдэж байгаа улс зөвхөн Монгол биш. Дэлхий дахинд дундаж нас уртассаар байгаа. Тэр дундаа буурай хөгжилтэй улс орнуудын дундаж нас уртсах хандлага байгаа аж. Монгол Улсын хувьд 30 гаруйхан жилийн өмнө дундаж нас ердөө 62 байсан гээд бодвол дундаж наслалт эрчтэй уртассан улс орны тоонд багтсаар байна.
Манай улсын хүн амын дундаж нас 2023 оны статистик мэдээллээр 71.5 болж нэмэгдсэн хэдий ч эрэгтэй хүний дундаж нас эмэгтэй хүнийхээс 9 жилээр богино байна. Эрэгтэйчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс богино байх нь Дэлхийн бүх улс оронд байдаг үзэгдэл. Гэхдээ насны зөрүү Монголынх шиг 9 жилийн зөрүүтэй байгаа тохиолдол ховор гэнэ. Эрэгтэйчүүдийн нас богино байдагт амьдралын идэвх нөлөөлдөг гэсэн судалгаа байна. Түүнчлэн эрчүүдийн хөдөлмөр эмэгтэйчүүдийнхээс илүү хүнд байдаг нь эрэгтэйчүүдийн дундаж наслалтад үзүүлэх сөрөг нөлөөний нэгд зүй ёсоор тооцогддог. Монгол эрчүүдийн дундаж нас Дэлхийн дунджаас богино боловч тэтгэвэрт гарах нас нь Дэлхийн дунджаас өндөр байгаа юм.