Украин улс АНУ-тай байгалийн баялаг, газрын ховор элемент олборлох гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн талаар Киевийн өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт мэдээлсэн байна. Тус агентлагийн зүгээс нэрийг нь зарлаагүй тэрхүү Украины албаны хүн хэлэхдээ, “Бид яриа хэлэлцээ явуулснаар хэд хэдэн эерэг сайн тохиролцоонд хүрч чадсан” гэжээ. Гэхдээ тохиролцоонд хүрсэн гэдгээс өөр илүү дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй байна.
Олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байсанчлан Вашингтоны зүгээс Украины 500 тэрбум ам.долларын орлоготой тэнцэх хэмжээний байгалийн нөөцийг олборлох эрхийг эзэмших шаардлагыг анх тавьж байсан ч Украины хамгийн гол шаардлага болох аюулгүй байдлын баталгаа үзүүлэх асуудлыг багтаагаагүй учраас В.Зеленский тэрхүү саналаас татгалзсан байдаг.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Д.Трамп, В.Зеленский нарын хооронд бага зэргийн “сошиал” маргаан дэгдээд амжсан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ долоо хоногт Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй Вашингтонд уулзаж, дээрх гэрээг байгуулахаар хүлээж байгаа талаараа мягмар гарагт хэлсэн байна. Д.Трамп Украины төрийн тэргүүнийг баасан гарагт Вашингтонд айлчилж, газрын ховор элементийн гэрээнд гарын үсэг зурж магадгүй байгаа гэжээ.

“Би түүнийг баасан гарагт ирнэ гэж дуулсан. Хэрвээ тэр надтай хамт гэрээг үзэглэхийг хүсвэл миний хувьд дургүйцэх зүйл байхгүй. Энэ бол том гэрээ, маш том гэрээ гэдгийг би ойлгож байгаа” хэмээн Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна. Д.Трамп мөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ гэрээг ойрын үед байгуулна гэдэгт найдаж байгаа, энэхүү гэрээ нь АНУ-аас Украинд үзүүлсэн хөрөнгө санхүү болон зэвсгийн тусламжийн хариуд нөхөн төлбөр маягаар хийж буй гэрээ байх болно гэсэн юм.
В.Зеленский АНУ-ын Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ Трампын нэхсэн хэмжээнд дөхөж ч очихооргүй бага хэмээн маргаж, “би төр улсаа зарж чадахгүй” хэмээн хэлж байсан билээ. Харин Д.Трамп мягмар гарагийн мэдэгдэлдээ “Украинд үзүүлсэн АНУ-ын тусламжийн хэмжээ 300-500 тэрбум ам.долларын хооронд байгаа, бид тэр мөнгөө эргүүлж авмаар байна, бид Украин улсад том асуудлыг давж гарахад нь дэмжиж тусалсаар байгаа ч өнөөдөр Америкийн татвар төлөгч иргэд мөнгөө буцааж авахыг хүсэж байна” гэжээ.
Газрын ховор элемент олборлох тухай яриа хэлэлцээнд Украины төлөөлөгчдийн багийг ахлан оролцсон Украины шадар сайд Ольга Стефанишина мягмар гарагт Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа “байгалийн нөөц олборлох эрхийг эзэмших энэхүү гэрээ нь том зургийн ердөө нэг хэсэг нь хэмээн АНУ-ын засаг захиргааны зүгээс бидэнд олон удаа хэлж байгаа” гэсэн байна.
“Украинска Правда” хэмээх Украины мэдээллийн вебсайтад газрын ховор элементийн гэрээнд Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарыг гарын үсэг зурж, мөн хоёр тал Украины сэргээн босголтод зориулсан хөрөнгө оруулалтын сан байгуулах тохиролцоонд хүрсэн гэдгийг мэдээлжээ.
Украин улс нь лити, титан зэрэг газрын ховор элементийн асар их нөөц бүхий томоохон ордуудтайгаас гадна нүүрс, байгалийн хий, газрын тос болон ураны ч томоохон ордуудтай. Тодруулбал, газрын ховор элементүүдийн дэлхийн нийт нөөцийн 5 орчим хувь нь Украинд байдгийн дотор цахилгаан автомашины зай хураагуурт ашиглагддаг графит буюу бал чулууны 19 сая тонн батлагдсан нөөцтэй, мөн л зай хураагуурын гол орц болох литийн Европын нийт нөөцийн 30 гаруй хувь нь дангаараа Украинд байдаг, дайн эхлэхээс өмнө Украин улс дэлхийн титаны үйлдвэрлэлийн 7 хувийг хангаж байсан, зэвсэг, салхин сэнс, цахилгаан төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг 17 төрлийн газрын ховор элементийн орд Украин улсад байдаг юм. Эдгээрээс зарим орд газрууд ОХУ-д эзлэгдсэн бүс нутгуудад байдаг бөгөөд Украины сангийн сайд Юлия Свириденкогийн хэлснээр 350 тэрбум ам.долларын өртөг бүхий нөөц баялагтай ордууд өнөөдөр Оросын эзлэсэн нутгуудад байна гэжээ.

Өнгөрсөн жил В.Зеленский барууны түнш холбоотнууддаа Украины “ялалтын төлөвлөгөө”-г танилцуулж, үүндээ дайн дууссаны дараа барууны компаниудад ашигт малтмал, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах боломжийг олгох саналыг тавьж байсан билээ.
Сонирхолтой нь мөн мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч мөн АНУ-д газрын ховор элемент олборлох саналыг тавьж, үүндээс зөвхөн ОХУ-ын газар нутгаас гадна Украинд эзлэн авсан бүс нутгуудыг ч мөн санал болгож байгаагаа нээлттэй илэрхийлсэн. Тэрээр Москвагийн хяналтанд орсон дээрх дөрвөн мужийн талаар ярихдаа Оросын “түүхэн газар нутгууд” хэмээн тодорхойлсон юм.