horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

А.Оюундарь: Монголчууд хоол хүнсээ зөв зохистой болгох тал дээр анхаардаг болж байгаа шүү

post-img

Сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдраар нас барсан хүний тоогоор Монгол Улс Дэлхийд тэргүүлдэг болоод байна. Зохисгүй хооллолтоос үүдэлтэй хавдрыг багасгахын тулд зөв хооллох хамгийн чухал гэдэг. Тэгвэл Сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндээ бодож, зохистой хооллохыг Хавдар судлалын үндэсний төвөөс захиж байна. Учир нь жил бүрийн Цагаан сарын дараах өдрүүдэд хот, хөдөөгүй бүх шатны эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг гэнэ. Ингээд ХСҮТ-ийн хоолзүйч А.Оюундарьтай ярилцсанаа хүргэе.

– Монгол Улс хэд хэдэн төрлийн хавдраас шалтгаалсан нас баралтаараа Дэлхийд тэргүүлдэг болоод байна. Ямар ямар төрлийн хавдар хожуу шатандаа оношлогдох нь түгээмэл байна вэ?

-Ер нь бүх төрлийн хавдар орой оношлогдож байна гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын хувьд хоол боловсруулах замыг өвчлүүлсэн хавдар түгээмэл байна. Тэр дундаа элэгний хавдартай өвчтөнүүд бараг бүгд хожуу шатандаа оношлогдох нь элбэг. Элэг дүлий гэж нэрлэж болохуйц эрхтэн юм. Тэр бүр өвдөж, зовуурилж мэдэгдэхгүй. Үүнээс болж элэгний хатуурал, В, С, D вирусийн халдвартай хүмүүс элэгний хавдраа хожуу шатанд ортол нь хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт хандаад байгаа юм л даа. Элэгний хатуурлын тухай ярихад, элэгний эрүүл эс сорвижиж, хэвийн ажиллах чадваргүй болдог. Элгийг хатууруулдаг гол шалтгаан нь элэгний вирусийн халдвар. Үүнээс гадна архины хэт хэрэглээ, таргалалт буюу элэгний өөхлөлт, чихрийн шижний 2-р хэлбэр, цусанд төмөр хэт их байх зэрэг шалтгаан нөлөөлдөг. Түүнчлэн элэгний хавдрын өсөлтөд тамхидалт, буруу хооллолт, хавдрын удамшил зэрэг шалтгаан цөөн хувиар нөлөөлж байгаа.

-Сар шинийн баяраар монголчуудын хооллолт ердийн өдрүүдийнхээс хүнд болдог нь ойлгомжтой. Цагаан сарын дараа ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэг үү?

-Бүх шатны эмнэлгүүдийн ачаалал Цагаан сарын дараа нэмэгддэг. Гэхдээ хавдар гэдэг өвчин бол хэдхэн хоногийн буруу хооллолтын улмаас үүсчихдэг өвчин биш. Тэгэхээр Сар шинийн баяраар хэтрүүлж идээд л хавдрын эрсдэл үүсчихнэ гэж ойлгох нь өрөөсгөл болно. Хавдар бол эсийн өвчин. Хүний өөрийн эсүүд хавдрын эс болж хувираад, ургаж томордог. Амьдралын буруу хэвшилтэй, элэгний хатууралтай эсвэл элэгний вирустэй хүмүүс баярын үеэр буруу хооллох нь өвчнийг нь илүү хүндрүүлэх эрсдэл болдог. Мөн хавдрын өвчнийг даван туулж эмчлүүлсэн эсвэл эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс Цагаан сарын баярын үеэр буруу хооллож, өвчнөө улам хүндрүүлэх гээд байдаг эрсдэлтэй. Ялангуяа Сар шинийн баяраар тослог өндөртэй, малын гаралтай өөх тосны хэрэглээ огцом нэмэгдэнэ.

Чихэрлэг болон гаазтай ундаа уух, нөөшлөгч болон удаан хадгалах бодис оруулсан хиам, зайдас хэрэглэх гээд зохистой хооллолтын дүрэм Сар шинийн баяраар массын хэмжээнд алдагддаг. Бүх төрлийн, удаан хадгалсан бүтээгдэхүүн хэтрүүлэн идэж байж, нэмээд алкохолын төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх явдал бас нэмэгдэнэ. Энэ бүх шалтгаан нэг дор холилдоод ирэхээрээ хоол боловсруулах эрхтэн тогтолцоог хямраана. Ийм зүйл Сар шинийн баяраар болдог гэхэд хилсдэхгүй болов уу.

-Элэгний хатууралтай, эсвэл вирустэй гэдгээ мэдэхгүй зохисгүй хооллоод, элгээ улам гэмтээгээд яваа хүн олон байж мэднэ. Элэг муудаж байгаа нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Элэг энерги ялгаруулж байдаг эрхтэн. Элэг муудаад ирвэл амархан ядардаг болно. Мөн шалтгаангүй тураад ирдэг. Хоолны дэглэм бариагүй, хооллолт хэвийн хэрнээ тураад байдаг. Түүнчлэн шээсний өнгө бараан болж ирэх нь элэгтэй шууд холбоотой. Арьс, салст шарлах бол бүүр хүндэрсний дараа илэрдэг шинж шүү. Яагаад турж байна вэ гэхээр элгэнд хавдрын эс үүссэнтэй холбоотой. Хавдрын эс элэгний эсийг идэж, хавдрын эс болгоод ирэхээр элэгний эрүүл эс цөөрч, ядардаг. Хавдартай хүмүүсийн эрүүл эс нь цөөрсөн учраас амарч, унтсан ч ядаргаа тайлагдана гэж байдаггүй.

Хавдраар өвдсөн хүмүүс мөн шим тэжээлийн дутагдалд их өртөнө. Энэ нь өвчний явцыг улам хурдасгах эрсдэлтэй. Шим тэжээлийн дутагдал үүссэнээр тухайн хүн их хэмжээгээр булчингаа алддаг. Тэгэхээр хавдрын эрсдэлтэй болоод хавдар туссан хүмүүст зохистой, тэнцвэртэй хооллолт хамгийн чухал. Эмч нар “Уураг нөхөөрэй” гэж зөвлөхөөр хүмүүс мах иднэ гэж ойлгоод байдаг. Мах хэдийгээр уураг ч хэтрүүлж идвэл элэг, ходоодонд муу. Тэгэхээр махтай цуг ургамлын гаралтай уураг, дүпү, шош зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй байгаа юм.

-Хоол хэтрүүлэн идэх эсвэл хоолны хордлого авсан тохиолдолд элэг хэр их гэмтдэг вэ?

-Элэгний үндсэн үүргийг ярья л даа. Нүүрс ус, өөх тосыг хадгалах, хадгалж байгаа шим тэжээлээ биед хэрэглэх зэрэг гол зохицуулах үүрэг элэгнийх байдаг. Цөс ялгаруулж, өөх тосыг шимэгдүүлэх үүрэгтэй. Мөн биеийн шингэний тэнцвэрийг хадгална. Хорт бодисыг гадагшлуулах үүрэг ч элгэнд ногддог. Энэ бүх үйл ажиллагааг зохицуулдаг, тун завгүй эрхтэн гэж ойлгож болно. Хэрвээ хэтрүүлэн идэж, зохисгүй хооллоод байвал мэдээж элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үрэвсэх эрсдэл үүсэж болно. Магадгүй элэгний вирустэй хүмүүсийн хувьд хоол хүнсний хэт хэрэглээ бүүр ч сөргөөр нөлөөлнө гэдгийг анхаарах ёстой.

-Монгол Улс элэгний вирустэй хүний тоогоор Дэлхийд тэргүүлдэг гэж сонссон юм байна.

-Элэгний В вирустэй хүнд D вирус халддаг. D вирустэй хүний тоогоор Монгол улс Дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Одоогийн байдлаар В, D вирустэй 150 гаруй мянган хүн байна. Элэгний хавдрын улмаас өдөрт 5 хүн, жилд 1800 хүн нас бардаг. Дэлхий нийтэд элэгний өвчин монголчуудынх шиг их биш. Магадгүй бидний зохисгүй хооллолт болоод, удамшлын шалтгаантай байж болно. Гэхдээ элэгний В вирусийн вакцин товлолд орсон учраас цаашид В, D вирустэй хүн яваандаа цөөрнө гэж үзэж байгаа юм.

-Элэгний хатууралтай эсвэл вирустэй хүмүүс бүгд шахуу хожуу шатандаа оношлогдож байна гэхээр эмчилгээ хийх боломж бүрддэггүй гэсэн үг үү?

-Элэгний хатуурсан хэсэг эргээд хэвийн ажиллах боломжгүй. Сорвижоод хатуурсан гэсэн үг л дээ. Харин хатуураагүй, эрүүл эс хэдий жижигхэн байсан ажиллах гээд идэвхтэй үйл ажиллагаатай байдаг. Маш идэвхтэй эстэй эрхтэн бол элэг. Эрүүл, зөв хэвшил баримтлаад байвал маш хурдан нөхөн төлждөг. Эмчилгээ, сэргэлт сайтай эрхтэн.

-Элгэнд муу гэдгийг нь мэдэхгүй хэрэглэдэг хоол хүнс бидний хэрэглээнд байдаг болов уу?

-Төмөр хэт их агуулсан хоол хүнс элгэнд их хортой. Тухайлбал: Мах хэт их идэх гэсэн үг шүү дээ. Түүнчлэн хэт их сахар бас элгийг маш их гэмтээдэг.

-Сар шинийн баярын ширээгээ манай монголчууд өдийд яг бэлтгэж байгаа байх. Ах дүү, ураг төрлөө хүндлэн дайлах идээ ундаагаа хэрхэн сонгох тал дээр зөвлөгөө өгөөч?

-Малын гаралтай өөх тос багатай хоол хүнс бэлтгээсэй гэж хүсэж байна. Мөн хэт их давс, удаан хадгалагч бодисоор нүдсэн утсан хиам, зайдас, дарсан ногоо битгий хэрэглээсэй.

Элэг, ходоодноос гадна ходоод, бүдүүн гэдсэнд хүртэл их хортой хүнс. Хэрвээ баярын ширээн дээрээ гаазтай ундаа тавих гэж байгаа бол гаазгүй ундаа, ус, рашаан, ногоон цай гээд уух зүйлээ төрөлжүүлээсэй. Түүнчлэн хоносон бүтээгдэхүүн аль болох хэрэглэлгүй, хүнсний ногоо хэрэглээсэй. Архи дарсны хувьд тохируулж хэрэглэнэ гэдгээ бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ монголчууд хоол хүнсээ эрүүлжүүлэх, зөв зохистой болгох тал дээр анхаардаг болж, их өөрчлөгдөж байгаа шүү.

– Бидэнд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000