Үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар төр, түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн Төрийн тэргүүн үндэсний дээл, хувцсаараа гоёж, ард түмэндээ хандан, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлал бий. Ерөнхийлөгчийн Сар шинийн баяраар өмссөн дээл, хувцсыг Төрийн ёслол хүндэтгэлийн алба тусгайлан бэлтгэдэг. Мэдээж тэд Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналыг сонсож, тусгах учиртай.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг сонгогдохоос ч өмнө Төрийн ёслол хүндэтгэлийн алба Ерөнхийлөгчийн дээл, хувцсыг төлөвлөн, урлаж эхэлжээ. Анхны Ерөнхийлөгч хэн болох нь тодроогүй байсан ч анхны Төрийн тэргүүний хувцсыг бэлтгэнэ гэдэг ёс төртэй, амаргүй ажлын тоонд зүй ёсоор багтаж байсан гэдэг. Тухайн үед Соёлын сайд байсан, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ёслолын албаны оёдолчдыг дагуулан явж, торго дурдан сонгон, малгай, бүс, дээл, гутал зэргийг хийх материал авч байсан түүх байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн дээлийг Их эзэн Чингис хааны дээлийг дуурайн, шаргал өнгөөр урлажээ. Түүний дээл, малгай, бүс, гутал зэргийг урлахад, тухайн үеийн ханшаар 2 сая орчим төгрөг зарцуулсан байна. 1990-ээд оны үеийн 2 сая төгрөг гэдэг өндөр төсөв байсан нь ойлгомжтой. Үүнээс хойших Төрийн тэргүүнүүдийн хувцасны төсөв улам нэмэгджээ.

1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нацагийн Багабандийн дээлийг урлахад, анхны Ерөнхийлөгчийнхөөс ч их зардал гаргасан байдаг. Түүний дээлийн торгыг сонгох гэж нэлээн явдал болж байсан бөгөөд тангараг өргөхдөө өмссөн дээлийнх нь торгыг Гүрдаваа ринбүүчигээс авчээ. 50 жилийн өмнө нэхсэн, маш ховор торгоор Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчийн дээлийг урласан төдийгүй малгай, бүсийг нь чимэглэсэн эрдэнийн чулууг Бээжингээс захиалж авчруулсан түүхтэй.
Намбарын Энхбаяр Ерөнхийлөгч мөн л өмнөх Ерөнхийлөгчийнхөөс үнэтэй дээл, хувцас хийлгэж өмссөн байдаг. Тэрээр соёл, урлаг, түүхийн өндөр мэдрэмжтэй хүн учраас дээл, хувцасныхаа загвар, материалд анхаарч, бэлгэдэл, агуулгыг нь илүү нарийн болгожээ. Түүний дээлийн ур, хийц өмнөх Ерөнхийлөгч нарынхаас илүү чамин болжээ. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчийн дээлийн торго нь 1940 онд Энэтхэгт цор ганц удаа нэхсэн, дахин давтагдашгүй эд байсан гэдэг. Малгайн хувьд шовгор оройтой, 4 талтай, 32 ширээстэй жанжин малгай өмсөж байсан юм.

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди ч гэсэн дөрвөн талт, шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангардаг байв. Төр ёсны уламжлалаа шингээсэн хэдий ч шар бол төрийн өнгө гэхээсээ илүүтэй шашны өнгө гэж судлаачид тодорхойлдог.

Харин Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дээл өмнөх Ерөнхийлөгч нарынхаас энгийн мөртлөө зардал нь багасаагүй. Энгийн харагдах түүний дээл угтаа нарийн ур шаардахаас гадна загварлаг. Тухайн үедээ мөн л үнэтэй торгоор урладаг байсныг судлаачид онцолдог.

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хувьд Төрийн ёслолын албанаас бэлтгэсэн ёслолын дээлийн саналыг хүлээн авалгүй өөрийнхөө энгийн дээлээ өмссөн юм. Тэрээр өмнөх Төрийн тэргүүнүүдтэй адилгүй буюу эгэл ардынхтай ижил дээл өмсөн, тангаргаа өргөж, ажлаа эхэлсэн. Түүний дээл, малгай, бүс, гуталд эрдэнийн чулуун чимэглэл ороогүйгээс гадна үнэтэй торго, дурдан ашиглаагүй гэсэн баримт байгаа юм.

Манай улсын 6 дахь буюу одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн иж бүрэн хувцас өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгынх шиг энгийн загвартай боловч Төрийн ёслол, хүндэтгэлийн албаны шийдвэрийг тусгаж, хүндэтгэл шингээхийг зөвшөөрдөг гэсэн мэдээлэл байна. Түүхээ харсан ч монголчууд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал хэмээн бэлгэшээдэг. Төрийн тэргүүн төдийгүй ард иргэд ч эртнээсээ дээл хувцсандаа анхаарч, ихээхэн хүндэтгэлтэй хандан, бусдын өмссөн зүүснийг шинждэг соёлтой ард түмэн. Тиймээс төрт ёсныхоо их уламжлалт Сар шинийн баяраа хүндэтгэж, уншигч та ч гэсэн иж бүрэн монгол хувцсаараа гоёж, сайхан шинэлээрэй!