XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.
Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.
Хөшөө нь монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тиг болох тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бөгөөд хөшөө, Их Монгол Улсын алтан тамга, Их хааны сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурь зэргээс бүрдэнэ.
Их хааны “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардастай, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.
Сэнтийний төв хэсэгт Чингис хааны онги тамгатай наран, салхины угалзарсан дүрс бүхий саран, Чингис хааны бадраасан аугаа үйлсийг илэрхийлсэн салхинаас бадамлан урган гарч буй галын дүрслэл бий.

Энэ нь Их хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр, улс үүрд оршихыг бэлгэджээ.
7 метрийн өндөртэй хөшөөг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд Их хааны эш хөрөгт тулгуурлан Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулсан үе, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс байдлыг зохиомжлон бүтээсэн байна.