Өнгөрсөн долоо хоногт Оросын шатрын их мастер, дэлхийн шатрын аварга Борис Спасский 88 насандаа таалал төгсжээ. Түүнийг нас барсан талаар Олон улсын шатрын холбооноос зарлан мэдэгдэж, түүнийг “бүх цаг үеийн хамгийн агуу шатарчдын нэг байсан” хэмээн холбооны Х хуудсанд бичсэн боловч үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна.
ЗХУ-ын шатрын их мастер Борис Васильевич Спасский 1937 оны 1-р сарын 30-нд ЗХУ-ын Ленинград хотод төрж өссөн бөгөөд 1969-1972 оны хооронд дэлхийн 10 дахь шатарын аварга байсан юм.
Борис Спасскийн 1972 онд Америкийн шатарчин Бобби Фишертэй хийсэн тулаан зөвхөн шатрын спорт төдийгүй тухайн үеийнхээ улс төр, үзэл суртлын томоохон өрсөлдөөний нэг болж байсан түүхтэй. Хүйтэн дайны үеийн гол дайснууд болох ЗХУ, АНУ-ын шатарчдын хоорондох тэрхүү тэмцээнийг “Зууны тулаан” хэмээн нэрлэдэг бөгөөд олон улсын хэмжээнд телевизээр шууд дамжуулж байсан түүхтэй.

1972 онд Исландын нийслэл Рейкьявик хотноо зохиогдсон шатрын ДАШТ-нд Борис Спасский тухайн үедээ 29 настай байсан Америкийн шатарчин Бобби Фишерт ялагдал хүлээж байсан бол Нью-Йоркийн Бруклин дүүргээс гаралтай Бобби Фишер анх удаа АНУ-д дэлхийн шатрын аваргын цомыг авчирч байсан билээ. Харин эх орондоо ичгүүртэй ялагдлыг авчирч, нэр хүндгүй болсон Борис Спасский тэрхүү тэмцээнээс 4 жилийн дараа Францад цагаачлан амьдарч, 2012 онд Орост буцаж ирж байжээ. 2010 онд Василий Смысловыг нас барснаас хойш Борис Спасский хамгийн өндөр настай дэлхийн шатрын аварга байсан юм.
Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаров эмгэнэл илэрхийлсэн бол Дэлхийн шатрын холбооны зүгээс Б.Спасскийг “шатрын спортын бүх талын авьяастай, төгс тамирчин” байсан хэмээн түүнийг тодорхойлсон байна.