horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар албан ёсны хэлэлцээ хийлээ

post-img

Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы хоёр талын харилцаа, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар, ард иргэд Монгол Улс дахь ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд манай Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов. 

 Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлээд буйд талархал илэрхийлэв. 

Талууд манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг нааштайгаар судалж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх талаар ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар ярилцлаа. 

Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.

Сайд Т.Иваяа Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн хүрээнд боловсон хүчин бэлтгэх төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх,  ”JENESYS” хөтөлбөр, “Япон, Монголын оюутны форум” солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэж, энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын Засгийн газраас үргэлжлүүлэн тууштай дэмжихээ илэрхийлэв.

0/1000