Энэ жил Нийслэлд 41 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн бол 10 байршилд шинээр зам тавихаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд 137.1 км авто замыг шинэчилсэн бол 2025 онд зам засвар шинэчлэлийн ажилд илүү их анхаарал хандуулж ажиллах төлөвлөгөө бий гэнэ.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барихаар төлөвлөжээ.
Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан бөгөөд дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө бий гэнэ. Нийслэлд баригдах шинэ замууд болоод засвар шинэчлэл хийх замуудад суурь асфальт бетон хучилт хийхээс гадна худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих ажлыг хийж гүйцэтгэх юм байна.