Сүүлийн жилүүдэд ажиллаж хөдөлмөрлөх хүн олдохгүйн зовлонг улс нийтээрээ мэдрэх болсон. Тэгвэл ажиллах хүчний тоонд бодитой нөлөөлөгч том хүчин зүйлсийг бид мартаж орхигдуулсаар ирсэн гэвэл та итгэх үү? Хүн амын тэн хагасыг, зарим аймаг суманд талаас ч илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ эрчүүдийнхээс хэтэрхий бага байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн хүйсийн онцлогтой шууд холбоотой.
Ид ажиллаж хөдөлмөрлөх нас нь нөхөн үржихүйн настай нь давхацдаг учраас олон бүсгүйчүүд үр хүүхдээ тээж төрүүлэх, асрахад хөдөлмөрийнхөө оргил цаг үеийг зориулдаг. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хүүхэд асрахаас гадна олон төрлийн асаргааны ажил хумсалсаар байгааг бид мэддэг ч ярилгүй явсаар иржээ. Бага насны хүүхдээ асарч өсгөхөөс эхлээд замын түгжрэлтэй уралдан, сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөх үүрэг гол төлөв эмэгтэйчүүдэд ноогдож байна.
Олон улсад хүүхдээ асардаг эхчүүдийн хөдөлмөрийг өндөр үнэлдэг жишиг байна. Тухайлбал: Финланд улс бага насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжид сард 338 евро олгодог бол Францын ээжүүд өдөрт 86 евротой тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Харин Герман улсын хувьд хүүхдээ төрүүлэхээс өмнө олдог байсан орлогынх нь 60 гаруй хувьтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог. Харин манай улсын бага насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд хандуулах анхаарал, зарцуулж байгаа тэтгэмжийн хэмжээг олон улстай харьцуулахад ичмээр бага.
Ирээдүйн монгол иргэдийг бэлтгэхэд зарцуулж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг төрөөс “Цалинтай ээж” хэмээн нэрлэж, сард 50 мянган төгрөгөөр үнэлдэг. Хүүхдээ 3 нас хүртэл асрах ээжүүдийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бараг 16 дахин бага байна.
Мэдээж монгол эмэгтэйчүүдийн ар гэртээ хүлээж байгаа үүрэг, үр хүүхдэдээ зарцуулах цагаар тогтохгүй. Гэр цэвэрлэх, хоол хийх, хоол хүнсээ цуглуулах зэрэг гэр бүлийн бүх гишүүний өмнө эмэгтэйчүүдийн хүлээх үүрэг, хариуцлага асар өндөр явсаар ирсэн нь байх ёстой зүйл мэт нийгэмд нийтлэг дүр төрх болж тогтжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод ахмад настнуудын багагүй хувь нь бусдын асаргаанд амьдардаг гэж тооцвол тэднийг асрах ачаалал мөн л эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хугаслах гол үндэслэл болдог. Ахмад настнуудын хувьд хараа муудах, сонсголын чадвараа алдах, хөл гарын хөдөлгөөн саажих зэрэг хэвийн амьдралын хэв маягаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд гулсан орох эрсдэл бүүр ч их гэж эмч нар дүгнэж байна. Хэрэв насны доройтлоос үүдэж, ахмад настан асаргаанд орвол түүнийг тухайн айлын эзэгтэй гол төлөв асардаг.
Өнөөдрийн байдлаар төрөөс олгодог халамжийн тэтгэмжийг 65 мянган иргэн хүртдэг бол хөгжлийн бэрхшээлтэй эсвэл байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо улсын хэмжээнд 12.8 мянга байна. Халамжийн тэтгэмжийн хэмжээ сард 390 орчим мянган төгрөг бол асаргааны тэтгэмж 302 мянган төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг гээд тооцвол гэрийнхнээ асарч яваа хүмүүст цалин урамшуулал битгий хэл, бусдын асаргаанд амьдарч байгаа хүний наад захын хэрэгцээг хангаж дийлэхгүй бага мөнгө очиж байна гэсэн үг.
Бусдын тусламжгүйгээр бие засах, хооллож ундлах, гарч орох зэрэг наад захын хэрэгцээгээ хангаж дийлдэггүй хүмүүсийн амьд явах эрхийг үндсэндээ гэрийнхэн нь тэр дундаа эмэгтэйчүүд үүрч явна. Үүнээс үзвэл асаргааны үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор ажил хөдөлмөрт тооцохгүй, үнэлэхгүй байна. Хүн асардаг хүний хөдөлмөрийг үнэлсэн ямар нэгэн хууль, эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй. Үүгээр зогсохгүй асаргааны хөдөлмөр эрхлэгчдийн тухай нарийн тоон мэдээлэл ч алга. Төрөөс бодлогын хэмжээнд авч үзэхгүй явж ирсэн асаргааны үйлчилгээ тухайн хүнээс асар их тэвчээр шаардсан хүнд хөдөлмөрт тооцогддог. Хэдийгээр төрөөс асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьд ч хүрэхгүй хэмжээнд тооцсон ч зах зээл дээр асаргааны хөдөлмөрийг хэдийнэ дундаж цалин буюу түүнээс өндөр хэмжээнд тооцох хандлага бий болжээ. Зарын хуудсанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод ахмад настан асрах ажилчныг сард 1,8 сая төгрөгөөс 3,5 сая төгрөгөөр цалинжуулах зар түгээмэл байна.
Хүн амын тоо өсөх, нас уртсахын хэрээр дагаж өсдөг асаргааны эрэлт хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх тал дээр төрөөс бодлогын хэмжээнд анхаарахгүй бол өнөөдөр асаргаа шаардлагатай иргэдийн амьд явах эрх сайхан сэтгэлтнүүдийн нуруун дээр дэнжигнэж байна.