Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян 2025 онд ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 3 орчим хувиар бууруулах зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн 2030 оноос өмнө нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн саармаг байдалд хүргэх олон арга хэмжээг төлөвлөж байна.
Үүнд элсэн цөл, говь болон бусад хуурай бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний шинэ бааз барих ажлыг түргэтгэх, далайн салхин цахилгаан станцуудыг хөгжүүлэх зэрэг ажлыг багтаажээ. Хятадын баруун хойд хуурай, салхитай далайн эргийн бүсүүд сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний төв болж, нар, салхины цахилгаан станцууд эрчимтэй хөгжиж байгааг дурдаад байгаа юм.
Нүүрстөрөгчийн хийг багасгах туршилтыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад хийж эхлэхээр төлөвлөж буй гэнэ. “Бид Дэлхийн байгаль орчин, уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцож, удирдан чиглүүлэх болно” гэж Ерөнхий сайд ажлын тайлангаа танилцуулахдаа хэлжээ.
2023 оны мэдээллээр Дэлхийн шинээр нэмэгдсэн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын талаас илүү хувь нь Хятадад байгаа аж.
Нар, салхины эрчим хүч хамгийн хурдацтай хөгжиж, 2024 онд тус тус 278 сая киловатт, 79.82 сая киловаттаар тус тус нэмэгдэж, Хятадын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал үндэсний нийт хүчин чадлын 56 хувьд хүрч, дээд амжилт тогтоосон гэж Үндэсний эрчим хүчний газар нь мэдээлжээ.
БНХАУ нүүрсээр баялаг улс ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлдээ ихэд анхаарч байна. Өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсгүүрийн хүчин чадал нь тус улсын нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Шаньси болон Хятадын хойд болон баруун хойд хэсгийн дулааны эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч Өвөр Монгол, Ниншя мужид анх удаа нүүрсний хүчин чадлаас давсан байна.
Албаны хүмүүс нарны устөрөгчийн төслийг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хятад улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
- 2025/03/07
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай