horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Тайваньд байгаа Чингис хааны эш хөргөөс үндэслэж бүтээсэн хөргийг Гандантэгчэнлин хийдэд заллаа

post-img

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын бэлэгт өдрүүдийн нэг шинийн 8-ны өдрийг бэлгэшээж Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол өнөөдөр Гандантэнчэнлин хийдэд боллоо. Уг хөргийг зураач, Бурхан урлаач Хариад овогт Дашнямын Батжаргал туурвижээ. Эл хөрөг зургийг монгол зураг, буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бүтээсэн байна. Их эзэн Чингис хааны хөрөгт эзэн хаан найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт бэлгэдэлт тэмдгүүдээр чимсэн, эрдэнэ бадраасан луут сэнтийд сүр хүчтэйгээр заларч буйг дүрсэлсэн нь анхаарал татна.

Орой дээрээ ганц эвэртэй лууг дүрсэлсэн нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үеийн археологийн олдвор дээрх ганц эвэртээс санаа авч Хүннү төрийг бэлгэдсэн бөгөөд “тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэх бэлгэдэлт утгатай ажээ.

Хааны хөргийг Тайванын Үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа эш хөргөөс үндэслэн бүтээхдээ луут эрдэнийн сэнтийд, бие лагшин тэгш, хөлөө бат жийж, мутраа тэгш агуулсан байдлаар дүрсэлсэн нь итгэл төгс, тууштай, төр төвшин, суурь бат, гуйвшгүй байх утгыг илэрхийлсэн байна.

Их эзэн Богд Чингис хааны суудлын орой дээр Чингис хааны алтан ургийн хүн, монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо үсгийг анхны эхээр нь залсан нь Чингис хааны үр удам, байгуулсан төр, монгол төрийн ой санамжийг бэлгэдсэн болно.

Чингис хааны хөрөг зургийг уржигдар буюу 3-р сарын 5-ны өдрийн морин цагт зурж дуусгажээ.

0/1000