Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлч Н.Өнөрцэцэг тэргүүтэй 3 эмэгтэйд уучлал үзүүлсэн нь олон нийтийг талцуулсан сэдвийн нэг боллоо. Тэр дундаа уучлал, өршөөл хоёрын ялгаа яг юу вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Шүүх гэм буруутайг нь тогтоосон ялтанд өршөөл, уучлалын аль аль нь хамаардаг. Өршөөлийг УИХ хууль батлах замаар хэрэгжүүлдэг бол уучлалыг Төрийн тэргүүн эрх мэдлийнхээ хүрээнд уучлал хүссэн цөөн хүнд үзүүлдэг. Ерөнхийлөгч яг ямар шалгуур, үндэслэлээр уучлал үзүүлснээ олон нийтэд тайлбарлах хууль зүйн үндэслэл байдаггүй. Тийм учраас 2025 оны 3-р сарын 8-нд үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалд юу нөлөөлсөн бэ гэдгийг хөндлөнгөөс шүүх эсвэл оролцох эрх бусдад байхгүй болж таарч байна.
Бусдын гэмийг уучлах Төрийн тэргүүний шийдвэр олон нийтийн шүүмжлэл дагуулсан нь ганцхан энэ удаагийнх биш. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүхий л эрхмүүдийн гаргасан уучлал араасаа маргаан дагуулж байсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал: Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Канад улсын иргэн Флиныг өршөөхөд “Луйварчныг өршөөж явууллаа” гэж олон нийт шүүмжилсэн бол Нацагийн Багабанди 3 жилийн хугацаанд 56 хүнийг уучилсан түүх байна.
Намбарын Энхбаярын тухайд 2008 оны 7-р сарын 1-ний үймээнээс болж, ял сонссон бүлэг этгээдийг уучилсан. Үүнийг нь хуульд нийцэхгүй гэх шүүмжлэл өрнөж, уучлалд хамрагдсан иргэдийн нэрсийг зарласан удаа бий. Тэгвэл Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд татварын өртэй “Саус гоби сэндс” компанийн захирал Жастин Капла тэргүүтэй иргэдийг өршөөснийг олон нийт олон жил марталгүй шүүмжилсэн юм.
Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэнтийгээсээ буухаас өмнө 13 хүнийг уучилсан нь шүүмжлэлд өртөж байсныг дурдах хэрэгтэй. Түүний уучилсан хүмүүс дунд хүн амины хэргээр ял эдэлж байсан болоод залилангийн хэрэгтнүүд багтсан байлаа. Энэ нь хэсэг хугацаанд сошиал орчинд шуугиан тарьсан сэдвийн нэг байсан юм.
Өршөөл үзүүлэх нь үүнээс өөр. Үүнийг УИХ хуулиар шийддэг. Өршөөлийн хуулиар өршөөгдсөн хүний тоо Төрийн тэргүүний уучлалд багтсан хүний тооноос хамаагүй олон. Өршөөл бол олныг хамардаг гэж хэлж болно. Өршөөлийн хууль батлах давтамж ойртож байгааг иргэд шүүмжилдэг. Тухайлбал: 1984, 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015, 2021 онд УИХ Өршөөлийн хууль баталжээ. Сонирхуулахад: Монгол Улс аль социализмын үед гэмт хэрэгтнүүдийг өршөөх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1940-1980 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай тогтоолд “Суллагдаж буй этгээдийг сурч боловсрох, ажиллах нөхцөлөөр хангасугай” гэсэн заалт байсан гэнэ. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүст ял өршөөхөөс өөрөөр тусгайлан зориулсан шийдвэр гаргаж байгаагүй байдаг.