horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Монгол улсын валютын нөөц 200 саяар буурсан

post-img

Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Монгол улсын валютын нөөц дууссан уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ асуудлыг төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн няцааж байна. Тэрээр энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 – Нүүрсний үнэтэй холбоотойгоор Монгол улсын Валютын нөөц буурсан уу?

– Аливаа улс орны валютын нөөцийн байх ёстой түвшин гэж бий. Энэ нь ихэнх улс орны хувьд импортын 3 сарын нөөцөөс илүү байх ёстой гэж үздэг. Манай улсын хувьд импортын 5 сарын нөөцтэй байна. Тэгэхээр валютын нөөц багасаж буурсан асуудал огт байхгүй гэж ойлгож болно. Оны эхний 2 сард орох урсгал бага байсан нь үнэн. Гэхдээ жил бүрийн 3-р сараас эдийн засаг идэвхэждэг. Тийм учраас валютын орох урсгал эргээд сэргэнэ гэж харж байна. Монгол улсын зээлжих зэрэглэл өндөр байна, бондын дарамт ойрын хугацаанд эдийн засагт дарамт үүсгэхгүй. Засгийн газрын сүүлд гаргасан бонд төлөлтийн хугацааг сунгасан учраас валютын нөөц хэвийн хэмжээнд байх бололцоотой гэж харж байна. 2025 оны эхэн үед валютын нөөц 5 тэрбум доллар байснаа бага зэрэг буурч 4,8 тэрбум доллар болсон. Гэхдээ энэ ондоо долларын нөөц 5 тэрбумаас тэр бүр буухгүй болов уу гэдэг хүлээлттэй байна.

– Инфляц 2 оронтой тоонд орчихлоо. 5-р сараас дулааны үнэ нэмэгдэнэ, 4-р сард 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараагдана. Энэ бүхэн валютад нөлөөлөхгүй юу?-

-Инфляц өсөх учраас Монгол банкнаас бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээг авсан. Бодлогын хүү өссөнөөрөө хэрэглээний зээл тодорхой хувиар буурч, эрэлтийн гаралтай үнийн өсөлт үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Ганц Монгол улсад ч биш олон улсад инфляц өсөх хандлагатай байна. АНУ, БНХАУ гээд олон оронд инфляц өссөөр байна. Энэ нөлөөлөл Монгол улсад мэдэгдэхээс гадна бусад эдийн засгийн нөлөө ирж инфляц өсөх магадлалтай гэж үзээд төв банкнаас бодлогын хүүг өсгөсөн. Эдийн засагт бага савлагаа үүсгэхийн тулд авсан арга хэмжээ гэж үзэж болно.

Нүүрсний экспортын орлого яг хэдэн төгрөгөөр багассан бэ?

– Өнгөрсөн жилийнхээс нүүрсний экспортын орлого 600 сая доллароор багассан. 2024 он 1 дүгээр сард нүүрснээс 1 тэрбум долларын орлого олж байсан бол 2025 оны 1 дүгээр сард 600 сая долларын орлого оллоо. Улсын төсвийг батлахдаа нүүрсний орлогыг 83 сая тонноос буулгахгүй гэж тооцсон учраас нүүрсний тасалдсан орлого энэ ондоо нөхөгдөөд орж ирэх байх гэж найдаж байна.

Нүүрсний үнэ уначихаад байхад хэрхэн нүүрсний орлогыг өсгөх юм бол?

– Нийлүүлэлтийг нэмэх замаар өсгөх болов уу?

– Хятад улс авах нүүрсний хэмжээгээ бууруулна гэсэн шүү дээ?

– Монгол улс 2 төрлийн нүүрс гаргадаг. Коксжих нүүрс буюу эрчим хүчний нүүрсний экспортод эрсдэл бага болов уу гэж харж байна.

– Дулааны үнийн өсөлт инфляцыг хэдэн хувь өсгөх бол?

– Ойролцоогоор 1 нэгж хувиар өсгөх тооцоолол урьдчилсан байдлаар гараад байна.

– Баярлалаа.

0/1000