Монгол улсын засгийн газар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаатай холбоотойгоор орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар гарц хайж байна. Түүхий эдийн үнэ унасан ч Б төлөвлөгөө байх ёстой гэдэг үүднээс “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг” байгуулж ажиллахаар болжээ.
Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлах аж. Цаашид нүүрс, зэс, цайр, жонш, төмөр зэрэг бүтээгдэхүүн нэг бүрийн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэж Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдээд байна. Харин сангийн сайд Б.Жавхлан “нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буураад байгаа ч энэ нь төсвийн орлогод нөлөөлөөгүй” гэж хэллээ. Тодруулбал 2025 оны төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй гэнэ. Хэдийгээр орлого тасраагүй ч орлогоо нэмэх чиглэлээр анхаарч ажиллахын тулд экспортын орлого нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан гэж тайлбарлалаа.
2025 оны эхний 2 сард 10,5 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн бол 11,5 сая тонн гаргасан. Зэсийн баяжмал 254 мянган тонныг гаргаж гэж тооцож байсан бол 281 мянган тонныг гаргасан. Алтыг 2025 оны төсөвт 1150 доллароор тооцож байсан бол дэлхийн зах зээлд алтны үнэ өсөж 2900 долларт хүрсэн нь Монгол улсын эдийн засагт таатай нөлөө бүрдүүлж байна. Цонх үеийг ашиглаад алтны олборлолт экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөө байгаа гэнэ. 2025 онд 18 тонн алтыг төв банк нөөцөлнө гэж тооцоолж байсан бол 700 гаруй сая долларын нөөцийг алтны үнийн өсөлтийг ашиглаж бүрдүүлэх бололцоо бүрджээ.