Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун эмчийн эрүүгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч 1-р сард 2.6 жилийн хорих ял оноосон юм.
Хэргийг тодруулбал өнгөрөгч 2024 оны наймдугаар сард 30 настай эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцсоос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн боловч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан гэдэг үндэслэлээр П.Батчулуун эмчийг буруутгасан билээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолд “Амьгүй донор болж, эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт байдаг. Энэхүү дэмжлэгийг авахын тулд 36 сар улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой байдаг байна.
Гэтэл нийгмийн даатгалын сангаас талийгаач донорын ар гэрт оршуулгын зардлын дэмжлэгийг шийдвэрлэж өгөөгүйгээс үүдэлтэйгээр гомдол эхэлсэн түүхтэй.
Талийгаачаас авсан эд эрхтнийг гурван иргэнд амжилттай шилжүүлэн суулгаж амь насыг нь аварсан байдаг.
Өдгөө Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонссон П.Батчулуун эмчийн биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр зүрхэндээ 8 стендтэй, өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр амь насны заалттай хагалгаанд орсон юм.