АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр тус улсын төлөөлөгчид Украинд гал зогсоох асуудлыг хэлэлцэхээр Москваг зориод байгаа гэнэ.
Д.Трамп Цагаан ордонд Ирландын ерөнхий сайд Майкл Мартинтай уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн мэдэгдэлдээ гал зогсоох тал дээр нааштай, эерэг мэдээ авсан тухайгаа мөн онцолсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Москваг зорьсон төлөөлөгчдийн нэрсийг танилцуулаагүй байна.
Энэ долоо хоногийн эхээр Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткоффыг ОХУ-д айлчилж, яриа хэлэлцээ явуулна гэсэн баттай бус эх сурвалжийн мэдээллийг барууны хэвлэлүүд өгч байсан юм. Тэгвэл лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэрол Ливитт дээрх мэдээллийг батлаж, Стив Уиткоффыг бусад албаны хүмүүсийн хамт Москвад очиж, яриа хэлэлцээ хийнэ гэдгийг мэдэгджээ.
Саудын Араб улсад зохиогдсон АНУ-Украины уулзалтын үеэр 30 хоног гал зогсоох саналыг Украины тал хүлээн авч, бүхий л фронтод гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсний дараа ийнхүү зуучлагч АНУ-ын дипломат төлөөлөгчид Оросын талтай гал зогсоох асуудлыг хэлэлцэхээр замдаа гарсан байна.
Саудын Арабын уулзалтын төгсгөлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, “одоо бүх зүйл Оросын гаргах шийдвэрээс шалтгаална” гэж хэлсэн юм.
Харин Кремлийн зүгээс гал зогсоох саналыг судалж байгаа бөгөөд Трамп, Путин нарыг утсаар ярилцах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын талыг гал зогсоох саналыг хүлээж авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, “энэхүү асуудлаар Орост санхүүгийн шахалт үзүүлж чадах ч энэ ОХУ-ын хувьд маш хүнд хэцүү тусах болно, би энхийг тогтоохыг хүсэж байгаа учраас шахалт үзүүлэхийг хүсэхгүй байна” гэжээ.
Ийнхүү дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээ явагдаж байгаатай зэрэгцэн дайн тулаан ч мөн улам ширүүссээр байна. Лхагва гарагт Оросын зэвсэгт хүчин Украины Кривый Рог, Одесса, Днепропетровск, Харьков зэрэг хотуудад дрон болон пуужингийн цохилтыг үзүүлээд байгаа бол Оросын Курск муж дахь тулаан мөн ширүүсэж, Украины армийн эзлээд байсан газар нутгуудыг Оросын цэргүүд амжилттай эргүүлэн аваад байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ.
Түүнчлэн лхагва гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайн тулаан ширүүн өрнөж байгаа Курск мужид очиж, нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан байна. В.Путиныг Курскийн эзлэгдсэн бүхий л газар нутгийг бүрэн чөлөөлөх тушаалыг зэвсэгт хүчинд өгсөн талаар Оросын хэвлэлүүд мэдээллэв. В.Путины хувьд одоогоор гал зогсоох саналын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.