– Ардчилалд хүрсэн зам -бодит түүх-
(1993/01/09-/01/11-ний өдрийн тэмдэглэл)
1993.01.09.
Мөн орчин болон ирээдүй цагийн шаардлагыг хангахуйц том цогцолбор барилгын төсөл боловсруулж, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах түнш олох боломж байна. Гадаадад болон дотооддоо байгаа, байж болох түншүүддээ итгэлтэй байгууллага гэдгээ харуулах, шинээр нэмж олох хэрэгтэй байна. МоАХ нь оюуны хөрөнгө оруулалтын чиглэлд тууштай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй боллоо. Өдөр МҮАН-ын дарга Ганболдтой уулзаж МоАХ, МҮАН хоёрын цаашдын харилцааны төлөвийг агуулсан, тодорхой гэрээ байгуулахаар тохирч хоёр талаас гэрээний төсөл боловсруулах хүмүүсээ тогтлоо. Мөн үл ойлголцлын шинжтэй зарим асуудлуудаар хэлцэл хийхээр боллоо. Холбоо, нам хоёр хэдийгээр маш ойр дөт харилцаатай байгууллагууд боловч хамтын үйл ажиллагаагаа тодорхой эрх зүйн, хоёр талын хүлээн зөвшөөрсөн баримт бичгийн түвшинд, бие биенээ харилцан хүндэтгэх байдлаар явуулах шаардлагатай болжээ.
1993.01.10.
Ойрын өдрүүдэд идэр есийн хүйтэн тачигнаад чөмөг царцаачих нь холгүй л байна. Бүтэн сайн өдөр болохоор телевиз үздэг, юм угаадаг, зочид хүлээж авдаг л горим тогтчихоод байна. Дулаан ороод ирэхээр хөдөө гадаа л жаахан явмаар байна.
1993.01.11.
УИХ-ын хуралдаан дээр хэлэлцэж буй асуудлаар хүмүүс саналаа хэлэв. УИХ-д суугаа сөрөг хүчний таван гишүүний төсөвтэй голлон холбогдсон саналыг Энхсайхан УИХ-д уншиж сонсголоо. Бидний энэ үйлдэл, тодорхой санал маань тун нүдээ олсон алхам боллоо. УИХ-ын МАХН-ын бүлгийн гишүүд,ерөнхий сайд, ажлын хэсгийнхэн тун их анхааран сонсов. Өдөр Герман улстай хөрөнгө оруулалтын асуудлаар Монгол Улсын байгуулсан гэрээг УИХ-д оруулж соёрхон батлуулав. Оройн хуралданааар шүүх, прокурорын байгууллагын цалингийн цэсийг батлав. Орой Говь-Алтай аймгаас аймгийнх нь тэргүүн дэд даргаар ахлуулсан хэсэг хүн /6/ ирж Энхсайхан, Зориг бид нартай уулзаж орон нутагт үүсч буй асуудлуудын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. Хамгийн гол асуудал бол ардчилал, эдийн засгийн чөлөөт хөгжлийн бодлого гэж тунхаглачихаад төр, засгийн бодлого нь түүнтэй авцалдахгүй нэгэн бие хоёр дүрд тоглоод байгаа учир орон нутгийнхан зүг чигээ, юу болж байгааг ч, болох гээд байгааг ч ойлгохоо больжээ. Монголын өнөөгийн нийгмийн амьдралд төвийн оролцоотой шийдвэрлэх асуудал нэн их хуралджээ. Гэтэл тэр төв нь өөрөөс нь хамаарах асуудлаа бусдад саад бололгүй шийдвэрлэчих, цаашид хамааралгүй зохицуулагдах зүйлээс өөрийнхөө оролцоог салгачих чадваргүй байна. Өнгөрөгч хоёр жилд “юу ч болов дээрээ мөс хагарлаа, одоо бүх зүйлд доод, дунд шат саад болж байна, үүнийг л өөрчлөх хэрэгтэй байна” гэж ярьдаг, түүний төлөө бид үйл ажиллагаагаа чиглүүлэхийг оролдож байсан бол одоо дээрээ нөгөө хагарсан мөс чинь эргээд барьцалдаад хөлдчихлөө. Одоо дунд, доод шатаа ажиллах чадвартай болгохын тулд дээд шатанд нь бас цооног үүсгэх хэрэгтэй боллоо. Байдлыг ажиглавал доод, дунд шатны зарим ноёд, бараг ихэнх нь буцах замгүй гэдгийг арьс махаараа мэдэрсний үндсэн дээр шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож байх бололтой. Гэвч яаж ажиллах, ямар аргаар өөрчлөлт хийхээ мэдэхгүй байна. Зарим нэг нь байгалиас заяасан зөн билэг хар ухаанаараа юм хийе, бүтээе гэхээр дээрээсээ дороо хүртэл хүзүүгээр адил холбоотой байгаа хуучин бүтэнгийн дунд бие даасан үйлдэл хийж чадахгүй байна. Ер нь Монголд дээдэхийн үйлдсэн нүглийн лай ланчиг, алдаа завхралын хор уршиг, хур ялзрал, амиа хоохойлсон бэртэгчин үйлдлийнх нь хаялагыг дандаа доодох нь үүрч алаг түүхээ өнгөөр нь, Монголоо өдий байгаагаар нь авч ирсэн гэхэд хилсдэхгүй. Ер нь дээдэс ёолж, доодос зовж, дээдэс идэж, доодос хийж явжээ. Зөвхөн төсвийн төслийг Засгийн газар оруулж ирж байгаа байдлаас нь харахад дээрх дүр зураг маш тодорхой болж байна. Хуучин тогтолцоон дээрээ, шинээр шаардагдаж буй зардлаа нэмээд л нэг үгээр хэлбэл, хуучиндаа бүтцийн, нэн шаардлагатай өөрчлөлтийг хийхгүйгээр хуучин, шинэ хэрэгцээний бүх зардлыг төсөвт үүрүүлэхээр бодоод л ороод иржээ. Хуучин алга дарам газар нэг амбаарт өвөл зунгүй амьдардаг байсан айл, үр хүүхэд нь өсч бойжоод толгой даах, шинээр амьдрах болохоор нь хуучин амбаар дээрээ олон давхар шинэ байшин барина гэж бодож болохгүй шүү дээ. Тухайлбал, төсвийн хувьд удирдлагын зардалд хамаарагддаг хүмүүсийн тоо 7500-гаар өссөн тухай ярьж байна. Аргагүй шүү дээ хуучин бүтэц, хуучин бүх удирдлагаа хадгалаад дээр нь шинэ нөхцөл байдалд зохицуулж, шинээр шаардагдаж буй шинэ дарга нарыг авсан юм чинь. Уг нь магадгүй зоригтойхон шиг хуучин бүтэцдээ өөрчлөлт хийсэн бол нөгөө нэмэгдсэн 7500-гийн хүрээнд Монгол улсын удирдлага багтчих ч байсан юм билүү. Лав л хуучин тогтолцоогоор үйлдвэрлэлийн бус салбарт Монголд гучин мянга орчим түшмэд ажиллаж байсан юм. Ер нь төсөв гэдэг хүмүүсийн өвөр, түрийвчнээс л авдаг мөнгө гэсэн үг. Өнөөгийн байдлаар манай нийгэмд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр нэг дуулгавартай, бүх хар ажил хийдэг хүний нуруун дээр хэсэг хүн гарч суучихаад тэр унаж зайдагнаж байгаа хүнээ ядарч байгааг нь гайхаад, учраа мэдэхгүй хүүхдийн хоолыг тогоон дотроос нь хэсэг хүн шомбодчихоод тэр хүүхдийг өлсөж байгааг нь гайхаад байх боллоо. Гэтэл тэр “хэсэг хүн” бол тэр иргэн хүнд үйлчлэх, тэр хүүхдийн ирээдүйн төлөө жинхэнэ ажиллах үүрэгтэй түүнийхээ төлөө цалин хэмээх хөдөлмөрийн хөлс авч буй хүн шүү дээ. Хэсэг хүн гэдгийн цаана би төсвөөс цалинждаг, төсвөөр зарлагаа хаадаг хүмүүс ялангуяа төр засгийн шат шатны байгууллагад ажилладаг хүмүүсийг хэлээд байгаа юм. Ер нь төр нь иргэнээ, мөлждөг, ташуурддаг бас залхаадаг бус харин иргэндээ үйлчилдэг, сайн сайхан амьдрах, хүн ёсныхоо эрхийг бүрэн эдлэх боломжоор нь иргэнээ хангадаг, тийм нөхцөл бүрэлдүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг байх ёстой. Ингэж ажилласныхаа төлөө, иргэндээ үйлчилснийхээ төлөө төр нь /хүмүүс/ татвар нэрээр иргэдийн шан харамжаар бүрдсэн төсвөөс цалин хөлсөө авдаг байх ёстой.
Үргэлжлэл бий