horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Францын мафийн толгойлогч асанг Греноблийн хурдны зам дээр буудан хороожээ

post-img

Францын зүүн өмнөд хэсгийн Гренобль хотын ойролцоох  хурдны зам дээр мафийн толгойлогч асан Жан-Пьер Малдераг буудан хороосон хэрэг гарч, цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. 1980, 1990-ээд оны үед орон нутгийн мафийн толгойлогч байсан Жан-Пьер Малдераг Францын хэвлэлүүд “Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж байсан юм.

Түүнийг орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө Гренобль хотын ойролцоох А41 дүгээр хурдны замаар машинтай явж байхад нь зэвсэглэсэн этгээдүүд “Рено Мегане” загварын хулгайн автомашинаар араас нь хөөж, буудан хороосон байна. 71 настай Жан-Пьер Малдераг буудан хөнөөсөн зэвсэгт этгээдүүд унаж явсан машинаа Гренобль хотын нэгэн машины зогсоолд шатаагаад орхисныг удалгүй олжээ.

Жан-Пьерын дүү болох Греноблийн гэмт хэргийн ертөнцөд “Галзуу эр” хэмээх хочоороо алдартай Роберт Малдера сураггүй алга болсноос хойш яг 10 жилийн дараа ийнхүү ахыг нь үл таних этгээдүүд хөнөөсөн байна.

Орон нутгийн “Le Dauphiné Libéré” сонинд бичсэнээр Жан-Пьер Малдера унаж явсан BMW машинаасаа гарч, зугтаахыг оролдсон ч зэвсэгт этгээдүүд түүний араас хөөж, буудан хөнөөсөн бөгөөд “АК-47” загварын автомат буугаар зэвсэглэсэн 3-4 хүн уг халдлагыг үйлдсэн гэжээ.

1970-аад оноос гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан Жан-Пьер Малдера, төрсөн дүү Роберт Малдератайгаа хамт 1980, 1990-ээд оны үед “Italo-Grenoblois” хэмээх мафийг толгойлж байсан бөгөөд 2004 онд олон тооны зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдож, хорих ял авч байсан ч дараа жил нь суллагджээ. Суллагдсанаасаа хойш тэрээр чимээгүй амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон ба түүнийг буудуулж амиа алдахаасаа өмнө ямар нэгэн гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцож байсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

0/1000