Баянхонгор аймгаас өвчтөн тээвэрлэж яваад автобустай мөргөлдөж эмч, түргэний машины жолооч нар газар дээрээ амь насаа алдсан хэрэг гараад хэд хонож байна. Алслагдсан сум суурин газар олонтой Монгол улсын хувьд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хот суурин бараадаж байж авдаг нь ядарсан амьдралтай бидний хувьд амьд үлдэх боломжийг улам ч хумьсан хэцүү даваа гэж нэрлэхэд буруудахгүй болов уу. Хүний амь аврахаар цаг минуттай уралдан давхиж яваа эмнэлгийн машинд зам тавьж өгөх ухамсар нийслэлийн иргэдэд бага багаар сууж л байна. Харин салхи шуурга сөрж, зам бартаа туулан, алслагдсан сууринаас өвчтөн тээвэрлэж хүний амь аврахаар тэмцэж яваа эмч эмнэлгийн ажилтнуудад энэ удаа аз таарсангүй. Тэд хүн аврахаар зүтгэж яваад амиа алдлаа.
Амь нас нь цаг минутаар хэмжигдэж яваа өвчтөнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх нь хамгийн чухал. Тийм ч учраас Онцгой байдлын албанд агаараар аврах чиг үүрэг бүхий анги нээж 4 ч нисдэг тэрэгтэй болгосон байдаг. Харамсалтай нь хүний амийг цаг алдалгүй аврах зориулалттай нисдэг тэргүүд энгийн иргэдийн амь насыг аврахад хэрэглэгдэхгүй байна. Хэрэв Улаанбаатар хотоос 500 км зайтай Баянхонгор аймгаас өвчтөнийг нисдэг тэргээр тээвэрлэсэн бол дээрх ослоос үүдэж 6 хүний алтан амь эрсдэхгүй байх боломж уг нь байлаа. Гэвч эмч өвчтөнөө нисдэг тэргээр биш автомашинаар өөрсдөө авч явснаараа өнөөдөр амиа алдав.
Эмч яагаад аюул эрсдэл багатай, богино хугацаа зарцуулах тээврийн хэрэгсэл нисдэг тэргээр өвчтөнөө зөөгөөгүй вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Магадгүй нисдэг тэрэг түрээслэх өндөр зардлыг төлж дийлэх чадал тухайн өвчтөнд ч тэр орон нутгийн эмч нарт ч байгаагүй биз. Зөвхөн эмнэлгийн тусламж авахын төлөө Агаараар эрэн хайх аврах ангид хандаад амаа алгадуулсан иргэдийн гашуун жишээ эмчийн сонголтод нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Олон нийтийн анхааралд өртөж өндрийг авсан хэдхэн жишээнээс дурдъя. Одоогоос 2 жилийн өмнө Өмнөговь аймагт осолд өртсөн иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчрах хүсэлт гаргасан иргэнээс онцгой байдлын аврагчид 44 сая төгрөг нэхсэн түүх бий. Сошиал орчинд өвчтөний гэр бүлийнхэн нь нисдэг тэрэгний зардлыг хандиваар цуглуулах оролдлого хийснээр шадар сайд өвчтөнийг нийслэлд авчрах үүргийг өгч байсан. Хэдийгээр нисдэг тэргээр тухайн өвчтөнийг үнэгүй тээвэрлэсэн боловч шатахууны зардал 10 сая төгрөгийг төлөх дарамтад өвчтөний гэр бүлийнхэн орж байжээ.
Өөр 1 жишээг сийрүүлэхэд Хөвсгөл аймагт нуруу нугасаа бэртээсэн иргэн нисдэг тэргээр зорчих хүсэлт гаргасан ч төлбөрийг нь төлж чадахгүйн улмаас цаг алдаж амиа алдсан түүх байна.
Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд самарт яваад алга болсон иргэдийг ар гэрийнхэн нь нисдэг тэргээр хайлгах хүсэлт гаргаад амруугаа алгадуулсан жишээ бас байна.
Олон нийтэд мэдэгдсэн дээрх түүхээс харахад энгийн иргэд өвдөж бэртлээ гэхэд Агаараар эрэн хайх, аврах ажиллагаа явуулах нисдэг тэрэг үйлчлэх магадлал бий эсэх нь эргэлзээтэй.
Тэгвэл нисдэг тэрэг тийм ховор, тэр бүр хөдөлгөж болдоггүй тээврийн хэрэгсэл үү гээд харвал дарга даамал, улс төрчдийн хувьд такси шиг үйлчилдэг болсон нь эрхгүй анхаарал татаж байна.
Өнгөрөгч 2024 онд болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд МАН, АН-ын дарга нараар тогтохгүй аймаг хооронд нисдэг тэрэг хөлөглөсөн улс төрчид цөөнгүй байсан. Сонгуулийн үеэр нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээ оочир дарааллаа дийлэхгүй байсан гэдэг.
Сонгуульд нэр дэвшиж яваа эрхмүүдээс гадна төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүсийн ар гэр, эхнэр хүүхдүүд нисдэг тэргээр зугаалдаг тухай баримт ч цахим орчинд бишгүй л шуугьж байсан жишээ байна. Тэр бүү хэл зугаа цэнгэлдээ ашиглаж нисдэг тэргээр ан хийж явсан Ерөнхийлөгч хүртэл байсан гэдэг яриа бий. Өвчтэй зовлонтой жирийн иргэнд олддоггүй, дарга нарын үйлчилгээнд “бэлэн” байдаг нисдэг тэрэг тэгвэл яг ямар үнэ өртгөөр үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл болохыг сонирхъё. Монгол улсын хувьд нисдэг тэрэг, жижиг оврын онгоцоор үйлчилгээ эрхэлдэг 4 компани байдаг. Тодруулбал “Геосан”, “Тэнгэрийн Улаач Шинэ” ,“А-Жет Авиэйшн” ,“Альфа Аврора Эвиэйшн” зэрэг компаниуд жижиг оврын онгоц, нисдэг тэргээр үйлчилгээ явуулдаг.
Эдгээр компаниудын нисдэг тэрэг түрээслэх үнэ тариф нь дунджаар цагийн 3000-4000 ам.доллар буюу 1 цагийн 14 орчим сая төгрөг байна.
Тэгвэл 2 жилийн өмнө 44 сая төгрөгийн ханштай байсан Агаараар эрэн хайх аврах ангийн нисдэг тэрэгний цагийн үнэлгээ магадгүй бүр өссөн байх магадлалтай.
Энэ бүх шалтгааны улмаас эмч нарт хүнд өвчтөнүүдээ эмнэлэгт хүргэлгүй хөсөр хаях уу эсвэл амь дүйсэн бартаат урт замаар Улаанбаатарыг автомашинаар зорих уу гэдэг хоёр л сонголт үлдэж байна. Тангараг өргөсөн эмч хүн мэдээж өвчтөнөө хөсөр хаяж чадахгүй Нийслэл рүү машины хурдаар гишгэхийг л сонгох нь дамжиггүй. Хэрэв цаашид Агаараар эрэн хайх аврах ангийн нисдэг тэргийг эмнэлгийн яаралтай тусламжид зориулдаг болгох зохицуулалт хийхгүй л бол өвчтөнөө тээж яваад хөдөө замд осолдох эмч нарын тоо ахиад нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Өвдөж ядарсан иргэнд дааж давшгүй үнэтэй, дарга нарын сурталчилгаа зугаалгад цаг наргүй хүчин зүтгэдэг нисдэг тэрэгнүүд хэзээ Монголд хүний амь аврахын төлөө үйлчилдэг болохыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд дарга нар хариулах биз ээ.