Мягмар гарагт Пакистан улсын баруун өмнөд хэсгийн Балочистан мужид BLA зэвсэгт бүлэглэлийнхэн төмөр зам дээр тэсрэх бөмбөг дэлбэлж, 440 хүн зорчиж явсан зорчигч тээврийн галт тэргийг барьцаанд авсан хэрэг гарсан.
BLA буюу “Балочистаны чөлөөлөх арми” зэвсэгт бүлэглэлийн зүгээс тус бүлэглэлийн гишүүн болох хамаарал бүхий улс төрийн хоригдлуудыг сулласан тохиолдолд барьцааны хүмүүсийг чөлөөлж, солилцоо хийх шаардлага тавьж байсан юм.
Тэгвэл Пакистан армийн явуулсан тусгай ажиллагааны үр дүнд 300 гаруй зорчигчийг сулласан талаараа мэдэгджээ. Энэ талаар лхагва гарагт Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн телевизээр мэдэгдсэн байна.
Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тусгай ажиллагааны явцад галт тэрэг барьцаалсан Балочистаны чөлөөлөх арми хэмээн зэвсэгт бүлэглэлийн 33 гишүүн амиа алдсан бол тусгай ажиллагаа эхлэхээс өмнө дээрх зэвсэгт бүлэглэл барьцааны 21 энгийн иргэн болон 4 цэргийн албан хаагчийг хөнөөсөн байна.
Пакистан улсын засгийн газар Балочистан мужид ашигт малтмал олборлож, боомт байгуулах төсөл хөтөлбөрүүдэд БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа юм. Харин тус мужид үйл ажиллагаа явуулдаг “Балочистаны чөлөөлөх арми” зэвсэгт бүлэглэл дээрх хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэж, сүүлийн саруудад хэд хэдэн халдлагыг хийгээд байна. Галт тэрэг барьцаалсан энэ удаагийн халдлагын өмнө өнгөрсөн оны 11-р сард тус бүлэглэл Балочистан мужийн төв Куэтта хотын төмөр замын вокзалд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 24 хүн амь үрэгдсэн билээ.