horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Л.Дэлгэрзул: Бид хавдар үүсгэдэг бодисыг гэртээ, ажил дээрээ, сургууль, цэцэрлэгтээ ч үнэртсээр байна

post-img

Сүүлийн жилүүдэд олон төрлийн хавдрын нас баралтаараа монголчууд Дэлхийд тэргүүлдэг болоод байна. Тэгвэл хавдар ямар шалтгаанаар тархаж байгаа талаар эмч, судлаачдын эрэл хайгуул үргэлжилсээр байгаа юм. Бид орчны эрүүл мэнд судлаач, хүний их эмч Л.Дэлгэрзултай хавдар өвчний шалтгааны талаар ярилцлаа.

Хавдраар өвчлөхөд нөлөөлж болох олон хүчин зүйлс та бидний амьдралд, хэвшилд байна уу ? Сүүлийн жилүүдэд олон төрлийн хавдрын өвчлөл нэмэгдэх боллоо.

-Яг тэр, энэ үүсгэж байна гээд шууд онооход хэцүү. Олон шалтгаан нөлөөлж болно. Өвчлөл нэмэгдээд байна гэхээр бид тухайн өвчин юунаас болж үүсдэг талаар судлах хэрэгтэй. Би дотоод орчны агаарын хяналтын тухай ярих шаардлага үүссэн гэж үздэг. Яагаад гэхээр бид гадаад орчны агаарын бохирдлын тухай олон жил ярьж байна. Шийдэж чадаагүй ч гэсэн зарим нь хотоос гарч амьдрах, хөдөө нүүх, эсвэл маск тогтмол хэрэглэх зэргээр гадаад орчны агаарын бохирдолтой өөрсдийнхөөрөө тэмцэж байна. Гэвч дотоод орчны агаарын хяналтын талаар хэн ч ярихгүй юм. Бидний эрүүл мэндэд дотоод орчны агаарын чанар өндөр хувиар нөлөөлдөг шүү дээ. Гэвч Монгол Улс дотоод орчин буюу барилга доторх, гэр доторх, ажлын орчин, цэцэрлэг. сургуулийн орчин дахь агаар ямар байгааг мэдэхгүй байна.  Хот суурин газар амьдарч байгаа хүмүүсийн хувьд дотоод орчинд буюу барилга байшинд ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг. Гэтэл монгол улсад барилга байгууламж доторх агаарын чанарыг хэмжих стандарт байхгүй. Энэ нь бид барилга дотроо хордоод байгаа эсэхээ ч хянаж чадахгүй, зохих ёсны стандартаа батлаагүй байгаа гэсэн үг. Уг нь өмнө нь агаарын чанарыг баталдаг техникийн хороо нь эрүүл мэндийн стандартыг мөрдлөг болгодог байсан. Гэвч 2017 оноос агаарын тухай хууль батлахаа байгаль орчны чанарын стандартыг мөрдлөг болгоод дотоод орчны агаарын чанарын стандартыг бүр авч хаясан. Ингээд бидний ажиллаж амьдарч байгаа барилга байшинд орсон барилгын материал, тавилга бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг хянах бололцоо байхгүй боллоо. Барилгын материал тэр дундаа ханын будаг, тавилгын цавуу гээд барилга дотор байгаа дотоод тохижилт тэр чигээрээ химийн элементээс бүрддэг. Монголчууд бид хоногийн 24 цагийн 20 цагийг өнгөрүүлж байгаа барилга дотор ямар химийн бодис үнэртэж, таны эрүүл мэндэд тэр нь хэр нь нөлөөлж байгаа талаар нүдэн балай, чихэн дүлий амьдарч байна шүү дээ.

Барилга байшин дотроо, гэртээ хордоод байна гэж огт бодоогүй юм байна?

-Хэрвээ бид ямар нэгэн стандарт баталчихвал заавал мөрдөх шаардлага үүснэ. Барилга бүрийн дотоод орчин ашигласан материалаасаа хамаараад өөр өөр агаарын орчныг бүрдүүлдэг. Хэрэглэсэн будаг, дулаалгын материал, агааржуулалтын систем, хаалга цонх нэвт агаарын урсгалтай байна уу гээд олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тухайн барилгын агаар өөр өөр байдаг. Гадаадын бүх улс оронд барилга дотор агаарын чанарын стандартыг маш тодорхой заасан байдаг. Гэрийн орчин дахь агаарын стандарт, нийтийн тээврийн агаарын стандарт, үзвэр, үйлчилгээний газрын агаарын стандарт зэргээр ялгаж баталсан байх жишээтэй. Жишээ нь: БНСУ-д нийтийн тээврийн агаарын стандартад С2 арай өндөр байдаг. Хүн ихтэй байдаг учраас. Гэхдээ энэ нь зорчигчдын эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх хэмжээнд биш.  Харин Монголчууд 2017 оноос хойш ажил, гэр, сургууль, цэцэрлэг гээд бүх газарт ямар агаар байгааг мэдэх боломжгүй, хянах нөхцөлгүй болчихлоо. Үүнийг би барилгын компаниудын лобби орсон байх гэж хувьдаа харддаг. Монголд барилгуудын дотоод агаарын чанарыг шалгаад ирвэл хамгийн түрүүнд барилгын компаниудад ачаалал ирнэ. Хэрэглэсэн барилгын материал нь хүний эрүүл мэндэд урт хугацаандаа хортой бол солих, өөрчлөх шаардлага үүснэ. Тэгээд ч барилгын компаниуд мөнгөтэй. 2017 оноос хойш өнөөдөр 7, 8 жил өнгөрч байна. Энэ хугацаанд барилгын дотоод агаарын стандартыг батлах хангалттай хугацаа өнгөрлөө. Монголчуудын эрүүл мэндэд маш их хамаатай ийм чухал стандартыг батлахгүй эс үйлдэхүй хийж байна гэдэг нэг ёсны гэмт хэрэг шүү дээ. Бид эс үйлдэхүй дээр огт хариуцлага тооцохгүй явж ирсэн нь манай улсын 1 алдаа гэж би хардаг.

Өмнө нь Монгол Улсад барилгын дотоод орчны стандартыг батлахдаа химийн бодис нэг бүрээр нэрлэж, стандарт тогтоосон байсан гэсэн үг үү?

-2007 онд бид барилгын дотоод стандартаа нарийн тогтоосон байсан. Тухайлбал: Бензол, формальдегид, радон зэрэг химийн бодисуудын хүлээн зөвшөөрч болох хэмжээг тодорхойлоод, энэ стандарт дотоод орчинд мөн үйлчилнэ гээд биччихсэн байсан. Гэтэл 2017 онд энэ заалтыг хасчихсан. Уг нь дээр дурдсан бодисууд гадаа биш дотоод орчинд хамгийн их ялгардаг бодис юм. Будаг, тавилгын цавуу зэрэг бүтээгдэхүүнээс ялгардаг бодис гэсэн үг.

– Хэрвээ хүний эрүүл мэндэд хортой химийн бодисын өндөр агууламжтай будаг цавууг барилгад ашиглачихсан байвал ямар эрсдэл шууд үүсэж болох вэ? Та жишээ дурдаж болох уу?

– Ханын будагт бас тавилгын цавуунд формальдегид гэдэг бодис хавдар төрүүлэгч. Тэр дундаа цусны хавдар үүсгэдэг. Энэ шинжлэх ухаанаар батлагдчихсан зүйл. Бусад бензол, радон, толуол зэрэг бодисууд хэтэрвэл өөр өөр төрлийн хавдрууд үүсгээд л явдаг.

Монголчууд бид тэгээд гадаа агаар хөрсний бохирдлоор амьсгалаад зогсохгүй гэртээ бас хордсоор яваа гэсэн үг үү?

-Би орчны эрүүл мэнд судлаач хүний хувьд бараг л тарчилж амьдардаг. Өвөл байнга хотоос гарч амьдрахыг зорьдог. Хотод байхаараа хаалга цонхоо онгойлгоё, ажлын байрандаа агаарын бохирдол хэмжигч авч тавья зэргээр дэргэдэх хүмүүсээ ч амраадаггүй. Бид хүүхдүүдээ бага хордуулж эрүүл саруул өсгөх асуудал хамгийн чухал шүү дээ. Одоо хавар болж байгаа цаг үеийг ашиглаад би Боловсрол шинжлэх ухааны сайдаас 1 зүйл хүсье. Сургууль цэцэрлэгийн анги танхимын будаг шохой халцраад уначхаагүй бол жил болгон будах шаардлага байхгүй. Хэрвээ үнэхээр будах засах шаардлагатай бол сургууль цэцэрлэгийн барилгад хэрэглэж байгаа будагт стандарт тогтоогооч. Үгүй ядахад сургууль цэцэрлэгийн хана шал хэчнээн хувийн элэгдэлтэй байвал будах вэ гэдэгт стандарт тогтоочихвол бас будгаар хордоод байх эрсдэл буурна шүү дээ. Хэчнээн олон хүүхдийн эрүүл мэндийн асуудал билээ. Бүхэн бүтэн яам, боловсролын газар энэ асуудалд нухацтай анхаарал хандуулах шаардлагатай. Химийн бодист бага өртөх бүх боломжийг л бид судлах ёстой. Хэрвээ энэ жил сургуулийн засвар үйлчилгээ барилга байшин барих гэж байгаа бол одоо 4 сард эртхэн тендерээ зарлаад сурагчид амрангуут 6-р сардаа багтаагаад засвар будаг шохойны ажлаа хийчих хэрэгтэй. 7, 8-р сард сургууль цэцэрлэгийн цонх хаалгаа онгойлгоод агаарын солилцоо сайн оруулж хатаагаад химийн бодисын урвалыг сайн арилгах шаардлагатай. Бүтэн 2 сар агаарын солилцоо сайн оруулчихвал бололцоотой дэгдэмхий бодис дэгдээд дуусчих магадлалтай.  Өнөөдөр 2-18 насны хүүхдүүд боловсролын салбараар хүмүүжиж байна. Бидний ирээдүй олсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бид боловсролын байгууллагын дотоод орчинд стандарт тогтоосноор хамгаалах боломж байгаа юм. 6-р сарын 1-нд сургууль эцэг эхчүүдээс засварын мөнгөө авчихсан байдаг шүү дээ. Тиймээс амрахаасаа өмнө багш нар засвараа хийгээд сурагчдынхаа эрүүл мэндийг хамгаалаасай. Эцэг эхчүүд өөрсдөө үүнд анхаарал хандуулаасай.

Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

0/1000