Монгол Улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь орон сууцанд амьдардаг. Энэ 30 хувьд багтах эсвэл орон сууцанд амьдардаг иргэдийн тоог нэмэх хүсэл зөвхөн иргэдэд ч биш, төр, засагт ч бий гэж итгэдэг. Харамсалтай нь орон сууцжуулах ажилд төдийлөн ахиц гаралгүй олон төрийн нүүр үзэж байна. Ипотекийн зээлийн шийдвэрийг хүлээсэн иргэдийн мянга мянган өргөдөл арилжааны банкуудад цугларсаар хэдэн жил боллоо. 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд 1 иргэнийг хамруулахад, төрөөс олгож байгаа татаас өндөр тусаж байгаа учраас олон иргэнийг ипотекийн зээлээр байртай болгох боломжгүй байгаагаа албаны хүмүүс илэрхийлсэн байдаг.
Тиймээс Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам Орон сууцжуулах хуулийн төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа гэнэ. Шинэ хуулийн төсөлд ипотекийн зээлийн журмыг шинэчлэхээр тусгасан байна. Тодруулбал: Анх удаа орон сууц худалдан авч байгаа, дахин төлөвлөлтийн бүсэд эсвэл утаа ихтэй алслагдсан бүсэд орон сууц худалдан авах, бага талбайтай орон сууц сонгох зэрэг шалгуур тавихаар ярьж байгаа тухай мэдээлэл бий. Гэвч олон хүүхэдтэй, ам бүл олонтой айлуудад ч орон байраа томруулах шаардлага үүсдэг учраас шаталсан тогтолцоо бүрдүүлж, орон сууцжуулалтын асуудлыг шийдэх ёстой гэх хэсэг ч байна. Хотын аль бүсэд орон сууц худалдан авч байгаагаас хамаараад, зээлийн хүү шаталж өөрчлөгдөх, эсвэл байрны талбайн хэмжээг ч шаталсан байдлаар тусгах тухай яригдаж байгаа бөгөөд хуульдаа аль аль зохицуулалтыг оруулж, журмаар юуг зохицуулах нь одоогоор тодорхой биш байна.
Түүнчлэн ипотекийн банк гэдэг тусгай зориулалтын банк байгуулах уу гэдэг яриа ч саналын түвшинд гарчээ. Ямартаа ч Ерөнхий сайдын ахалж байгуулсан Орон сууцжуулалтын үндэсний хороонд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Монголбанкны төлөөлөл орж ажиллаж байгаа гэнэ.
Тэд одоогийн байдлаар хуулийн төсөл хэрхэн батлагдахыг хүлээж байна. Энэ хүрээнд зөвхөн ипотекийн 6 хувийн зээл ч биш, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хэрхэн оновчтой болгох вэ гэдэгт анхаарч байгаагаа мэдэгдээд байгаа юм. Орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн энэ их хүлээлтийг шийдвэрлэх гарц олтол хөнгөлөлттэй зээл олгох ажил хуучин зарчмаараа үргэлжилнэ. Ипотекийн зээл авсан иргэдийн зээлдээ төлсөн мөнгөөр дараагийн зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр үргэлжилнэ гэсэн үг. Сонгуулийн үеэр Баялгийн сангаар дамжуулж, ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэж ам гарч байсан эрх баригчид амлалтаа хэрхэн биелүүлэх арга замаа хараахан олоогүй байна уу гэж хардаж болохоор байна.
Шийдэл хайж мунгинах зуур орон сууцны үнийн өсөлт ипотект хамрагдах хүсэлтэй иргэдийн мөрөөдлийг замхруулж мэдэхээр нөхцөл үүсээд байгаа юм. ҮСХ-ноос гаргасан тайлан мэдээгээр ганцхан жилийн дотор орон сууцны талбайн үнэ 13 хувиар өссөн дүн бий. Гэтэл ипотекийн зээл олгох дээд лимит 150 сая төгрөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт борлуулж байгаа 2 өрөө байрны дундаж үнэ хэдийнэ 300 сая төгрөг давжээ. Харин бага, дунд орлоготой ипотекийн зээл горилогсдын хувьд энэ мөнгөний 30 хувийг бүрдүүлэх боломж хэр их вэ гэдэг асуулт анхаарал татна.
Баялгийн сан мөнгөтэй болоод, тэр мөнгөнөөс нь иргэдийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх Ерөнхий сайдын амлалт “дээс томж найзаа аврах” үлгэр биш байгаасай гэж ипотекийн өргөдөл өгсөн 20 гаруй мянган өрх найдвар тавин хүлээсээр байна.