Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ), Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээрт тусгах үлдсэн асуудлуудаа тохиролцсон тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр нар өнгөрсөн 7 хоногт энэ асуудлаар уулзлаа. Үүний дараа тус холбоо “Бид үр дүнтэй хэлэлцээ хийж, Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийн үлдсэн бүх асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Бид Монгол Улстай уламжлалт халуун дотно харилцаатай ойр хөрш, найрсаг орны хувьд хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх амлалтаа баталж байна” гэж Андрей Слепнев албан ёсны мэдэгдэлдээ онцолжээ.

2014.05.29-нд ОХУ, Беларусь, Казахстан улс “Евразийн эдийн засгийн холбооны гэрээ”-нд гарын үсэг зурж, 2015.01.01-нд Евразийн эдийн засгийн холбоо албан ёсоор байгуулагдсан юм. Байгуулагдаад 10 жил болж буй тус холбоонд одоо ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен улс багтаж байна. Энэ оны эхний өдрөөс Беларусь улс энэ холбоог даргалж байна.
ЕЭЗХ-ны дээд байгууллага болох Евразийн эдийн засгийн комиссын дээд зөвлөл энэ оны эхээр ОХУ-ын Ленинград мужид хуралдсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров нар уг хуралд биечлэн оролцсон бол тус холбоог даргалагч Армен улсын Ерөнхий сайд Н.Пашинян цахимаар оролцон, хурлыг алсын зайнаас даргалаад, Беларусь улсад шилжүүлэн өгсөн юм. Энэ нь ч учиртай.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Армен улс сүүлийн жилүүдэд Москвагаас улам зай барих болж, Европын улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Европын холбоонд элсэхээр хичээж байна. Армен улсын Засгийн газар ЕХ-нд элсэх үйл явцыг эхлүүлэх хуулийн төслийг энэ оны эхээр дэмжиж, парламентад өргөн барихаар болсон юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “ЕХ-нд гишүүнээр элсэх нь Армен улсын эрхийн асуудал мөн. Гэхдээ Армен улс ЕЭЗХ-ны гишүүн учраас ЕХ-нд элсэх ёстой. ЕЭЗХ-ноос гарч байж, ЕХ-нд элсэх болно. ЕЭЗХ-ны гишүүн байх нь Армен улсад ашиг тусаа өгч байгаа” гэж анхааруулсан юм.

Тэгвэл Киргизстан улс ЕЭЗХ-нд элссэнээр жижиг, дунд үйлдвэрүүд нь дампуурлаа. Жижиг ч гэсэн үйлдвэр ажиллуулаад, гэр бүлээ тэжээж, цөөн ч гэсэн хүнийг ажилтай орлоготой байлгаж байсан үйлдвэрүүд үүдээ баримагц хүмүүс амьдрахын эрхээр ажил хайн, Москва руу цагаачилжээ. Москва хотын дэлгүүр, худалдааны төв, захуудад 1.5 сая киргиз хүн худалдагч, ачигч, зөөгч, жолооч, цэвэрлэгчээр ажилладаг. 6 сая хүнтэй Киргизийн 1.5 сая нь Москвад ажиллаж, амьдарч байна.
Жижиг зах зээл дээр үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн том зах зээлээс татваргүй орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадамжгүйг Киргизийн үйлдвэрүүдэд тохиолдож буй үйл явдал харуулж байна. Үүнийг харсан, ухаарсан Армен ЕЭЗХ-ноос гарах аргаа хайж байхад Монгол Улс орох хэлэлцээ хийж байна. Монгол Улс дараагийн Киргиз болж болохгүй. 14 мега төсөл хэрэгжүүлэхээр том мөрөөдөж, алсыг харж яваа улс атлаа Дэлхий дахинд муу муухайн жишээ болж яваа улсуудтай дөрөө нийлүүлэн, том мөрөөдлөө жижигхэн гэрээгээр сүйдлэх гэж байна.
Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Баяртулга “5000 хүртэлх еврогийн бүтээгдэхүүн оруулж ирвэл гарал үүслийн бичиг шаардахгүй гэсэн заалт бий. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Ганзагын наймааны хүнсний бүтээгдэхүүнүүд Монгол Улсад их хэмжээгээр оруулж ирнэ гэсэн үг. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зах зээлд орж ирэх магадлалтай. Энэ бол хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх заалт” гэж мэдэгдээд байна.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн М.Мандхай “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг томоохон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлээд, үйлдвэрлэгчдийг дэмжээд, улсын төсвөөс тодорхой хэмжээнд санхүүжилт олгож байгаа. Гэтэл эдгээр үндэсний томоохон хөтөлбөрийг үр дүнгүй болгох хөдөө аж ахуйн бараг 74 бүтээгдэхүүн Оросоос орж ирнэ. Оросоос яагаад хямд бүтээгдэхүүн орж ирж байна вэ гэхээр мэдээж хүн амын тоо их учраас массын үйлдвэрлэл явуулж байгаа. Тиймээс нэгж бүтээгдэхүүн хямдхан орж ирнэ” гэж анхаарууллаа.
Манай улс 2024.12.21-ний өдөр тус холбоонд элсэх гэрээнд Москвад гарын үсэг зурахаар төлөвлөсөн байв. Үүнийг үйлдвэрлэгчид, УИХ-ын гишүүд, сэтгүүлчид эсэргүүцсэнээр Засгийн газар уг холбоонд элсэхийг түр хойшлуулсан. Гэвч бүрмөсөн болиогүй. Өнгөрсөн 3 сарын хугацаанд Засгийн газар энэ хэлэлцээгээ үргэлжлүүлсээр, өмнө нь тохироогүй асуудлуудаа нарийвчлан тохирчээ. Өөрт хохиролгүй, ирээдүйд амаа барихгүй гэрээ байгуулна гэж л найдах л үлдэх шив. Ядах нь ээ, УИХ энэ гэрээг соёрхон батлахдаа үг, өгүүлбэр, далд утга, давхар агуулга бүрийг нарийвчлан харж, хонь бүтэн, чоно цатгалан байлгаасай даа.
2025-03-26 07:01:05
Оросын хог авах хэрэггүй дээ хятадаас дээрдэх юмгүй хулхи болсон шүү
2025-03-26 06:44:19
Ямар ядаргаатай юм бэ. Ямар нэг холбоонд зааюал элсэх ёстойм шиг ийш тийш юугаа ч хайдагын гүйлдээд байхын энэ хүмүүс.Төр шиг төртэй төрт улсын иргэд баймаар байна.Ард иргэдийн санаа бодлоор ажиллахгүй юм бол та нар огцороод өгөөч.Аливаа холбоо ямар нэг юманд элсэхдээ ард иргэдийн саналыг чиг болгомоор байна.Ард иргэдийг төлөөлж гарч ирчихээд амин хувийн үзэл бодлоор ажиллах эрх та нарт байхгүй шүү.
2025-03-24 04:17:14
Тэгээд ч Оросын зах хязгаарын хүнсний бүтээгдэхүүнүүд элдэв хор, хольцтой, чанарын шаардлага хангадаггүй талаар Оросын төрийн телевизүүд удаа дараа мэдээлсэн, манайд ч хортой архи дарс, хатаасан жимс, жүүс, цөцгийн тос, бяслаг илэрсээр байгаа. Харин Беларусийн хүнсний зүйл харьцангуй баталгаатай байгааг хэлэх нь зөв
2025-03-24 02:21:18
Оросод тогны үнэ маш хямдхан үнэгүй шахуу л гэхэд буруутахгүй. Манай нэг өндөг үйлдвэрлэгчээс 10-50 дахин том үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаан буудай, эрдэнэ шиш мэт нь Монголоос 2-3 дахин хямд өртөгтэй. Ийм бүтээгдэхүүнүүд орж ирвэл Монголын үйлдвэрлэгч нарыг шууд дампууруулна. Сая гурилын татвар тэглэж 5 гурилын үйлдвэр дампуурсан шиг юм л болн шүү. Бензинээс 100% тогноос 20% хараат байж одоо бас хүнсээр хараат болох нь дутаж