Дундговь аймгийн баруун талын сумдаар өдөр нүүр нүдгүй шуурж эхэлсэн шороон шуурга үдээс хойш зүүн талын сумд болон Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт хүрлээ.
Өмнөговь аймгийн Сэврэй суманд салхи 12 м/с, Баяндалайд 14 м/с, бусад нутгаар 18-20 м/с хүрч, угалз болж байна. Даланзадгад, Цогтцэций, Хүрмэн, Булган, Мандал-Овоо сумын нутгаар 1 км-ээс цааших юм үзэгдэхээ больжээ. Бусад нутгаар 4 км-ээс цааших юмс харагдахгүй, улаан шороо босож байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын нутгаар салхи баруун хойноос секундэд 15-20 метр, зарим үед 22-24 метр хүрч, шороон шуурга шуурч байна. Үүний улмаас үзэгдэх орчин үе үе хязгаарлагдаж байгааг жолооч, малчдад анхааруулъя.
3 дугаар сарын 25-ны өдөр Дундговийн аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өлзийт сумын нутгаар салхины хурд секүндэд 28-30 м хүрч, гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байна. Бусад сумын нутгаар 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна. 3 дугаар сарын 26-ны өдөр нийт нутгаар салхи баруун хойноос секүндэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч шороон шуурга шуурна.
3 дугаар сарын 24-27 хүртэл нийт нутгаар салхи шуурганы аюулт үзэгдэлтэй байхыг анхааруулъя.