horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд том албан тушаал уу?

post-img

          Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэж хэн бэ?

Засгийн газар нэгэн зэрэг тусгай үүрэг гүйцэтгэгч 7 Элчин сайд томилж, түмний нүдийг орой дээр нь гаргаад удаагүй байна. Энэ албан тушаал Дэлхийд байтугай Монголд анх удаа бий болж байгаа юм биш. Дипломат албаны тухай хуулийн 13.1-д “Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 11 албан тушаал дипломат албан тушаалд хамаарна” гэж заажээ. Үүний 1 нь тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд. Энэхүү 11 албан тушаал дундаа тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нь төрийн нарийн бичгийн даргын дараа 2-рт ордог албан тушаал юм. Гадаад харилцааны сайд, төрийн нарийн бичгийн даргын удирдлагад ажилладаг ажилтан.

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар 2020 оны 4 дүгээр сард халагдсан юм. Түүнийг тушаал бууруулан, 2020 оны 9 дүгээр сард тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилсон. Энэ бол эдгээр албан тушаалын зэрэг дэвийг илтгэх жишээ юм.  

  1. төрийн нарийн бичгийн дарга;
  2. тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
  3. газрын захирал;
  4. газрын дэд захирал;
  5. хэлтсийн дарга;
  6. тасгийн дарга;
  7. зөвлөх;
  8. нэгдүгээр нарийн бичгийн дарга;
  9. хоёрдугаар нарийн бичгийн дарга;
  10. гуравдугаар нарийн бичгийн дарга;
  11. атташе.

Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын 12 албан тушаал дипломат албан тушаалд хамаардаг. Үүнд:

  1. элчин сайд;
  2. байнгын төлөөлөгч;
  3. элчин;
  4. хэргийг хамаарагч;
  5. байнгын төлөөлөгчийн орлогч;
  6. элчин зөвлөх;
  7. зөвлөх;
  8. цэргийн атташе;
  9. нэгдүгээр нарийн бичгийн дарга;
  10. хоёрдугаар нарийн бичгийн дарга;
  11. гуравдугаар нарийн бичгийн дарга;
  12. атташе.

Ингээд харьцуулаад харвал ямар албан тушаал болох нь ойлгогдоно. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдад дипломат цол олгож болдог. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024.12.27-нд ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Дамбын Ганбатад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол олгосон. Дипломат цол дотроо 7 зэрэгтэй. Үүнд:

  1. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  2. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
  3. Тэргүүн шадар
  4. Шадар
  5. Тэргүүн итгэмжит
  6. Итгэмжит
  7. Түшээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад цолыг Гадаад харилцааны сайд олгодог.

Монголын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Европт

Европын холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын зөвлөл 2017.12.05-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан даа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэр үед Б.Мандахбилэгийг тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилон, уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах тусгай үүрэг өгч байлаа.

Уг жагсаалтаас гарахын тулд ГХЯ, Сангийн яам хүч хавсарсан. Үүнийг тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форум”-д Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын “Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн суурь стандартуудыг Монгол Улсаар хангуулах зэрэг ажлыг тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд хариуцан ажилласан.  

Энэ бүхний дүнд 2018 оны 1 дүгээр сард манай улс “Хар жагсаалт”-аас гарч, “Саарал жагсаалт”-д шилжин, 2020.10.06-нд “Саарал жагсаалт”-аас гарсан юм.

Гадаадын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд

Тэгвэл гадаадын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд юу хийдэг тухай нэг баримт дурдъя.

УИХ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020.01.10-нээс мөрдүүлж эхэлсэн. Үүний өмнөхөн Швед улсын Гадаад хэргийн яамны хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Сунессон 2019.09.06-нд Монголд ирж, олон улсын тавцанд “Швед улсын загвар” гэж нэрлэгддэг, биеэ үнэлэх, түүнийг худалдан авахыг завдагчдад хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтын талаар танилцуулсан юм. Эрчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох эрх мэдэл тэгш бус байгаагийн хамгийн муу илрэл нь биеэ үнэлэх явдал гэж тус улс үздэг. Энэ нь биеэ үнэлэгч, тэднээс ийм үйлчилгээ авч буй хүмүүсээр зогсохгүй нийгэмд бүхэлд нь нөлөөлж байна гэж үзээд, Швед улс 1999 онд хууль батлан, биеэ үнэлэлттэй холбогдон гарч буй асуудлыг зохицуулдаг болжээ. Уг хууль нь биеэ үнэлэх явдалд оролцсон бүх хүнд хамаатай.

Тэгвэл манай улс биеэ үнэлэх, хүний биеийг хүчээр үнэлүүлэх явдлыг тухайн үед Садар самуунтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байв. Бусдын биеийг үнэлүүлэн, мөнгө олдог этгээдүүдийг зүгээр л торгоод өнгөрдөг байлаа. Тиймээс л Швед улсын Гадаад хэргийн яамны хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Сунессон манай улсыг зорьж ирэн, биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагатайг ухуулан таниулсан хэрэг. Түүнийг Монголд ирсний дараа 2019 оны 10 дугаар сард энэ асуудлыг манай улс Эрүүгийн хуулиар зохицуулахаар баталсан юм.

0/1000