Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж, тусгай үүрэгт элчин сайд томилох зэргээр хуульд байхгүй олон даргын тушаал нэмж үүсгэсээр байна. Тэр бүү хэл зөвлөл хороо зэрэг байгууллага хүртэл чиг үүрэг давхцуулан нэмсэн тохиолдол хүртэл бий. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
–Төр хэмнэлтийн горим баримтлах нэрээр дэд сайдуудыг томилоогүй. Гэхдээ дэд сайдаас ч олон албан тушаалтан бий болгосон харагдана. Парламент засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой шүү дээ. Та их хурлын гишүүний хувиар юу гэж харж байна вэ?
-Засгийн газрын хуулийг харахад дэд сайдуудын чиг үүрэг орон тоо хэвээрээ байна лээ. Гэхдээ би орон тоо хэвээрээ байна гээд дэд сайдуудыг томил гээгүй. Хууль дээр байгаа албан тушаалтныг томилохгүй байж хуульд байхгүй, очоод юу хийх нь тодорхойгүй маш өндөр хэмжээний цалинтай орон тоо албан тушаал үүсгэж улс төрийн бялуу хүртээгээд байгаа нь ил цагаан өрнөж байна. Нөгөө талдаа хэмнэнэ гэж ярьдаг. Энэ хүмүүсийг суулгах сандал ширээнээс эхлээд маш их хэмжээний зардал гарна. Тэгээд болоогүй бүгд туслахтай байна гэсэн. Машин унана гэсэн. Зүгээр ч машин унахгүй, үнэтэй машин унана. Орлогчийн статустай гээд үндсэндээ энэ хүмүүсийг төрийн байгууллага, компани дээр томилоод байдал сайжирсан уу гэвэл үгүй. Өнөөдөр төрийн бүтээмжийн асуудал, хэмнэлтийн асуудлыг ярьдаг мөртөө үргэлж үүнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Хуульд байхгүй зөвлөл хороо байгуулна. Тэдний цалинг та нар шалгаад үзээрэй. Маш өндөр дүнтэй. Төрийн албан хаагчийн цалин хэд хэд дахин нугалчихсан тэгээд дандаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий этгээдүүд байна. Тэд юу хийдэг вэ? Яамд руу утас цохиж загнадаг. Хийсэн ажлыг нь өг гэж хэлээд өөрсдөө хийсэн мэт бариад явдаг ийм хэдэн хүн төрийн бүтцийг ашиглаад явж байгаа нь нууц биш. Засгийн газрын хэлж байгаа зарим тайлбарыг харсан. Н.Учрал сайд энэ асуудалд цогц бодлого оруулж ирнэ гэсэн. Түүнийгээ яаралтай оруулж ирээсэй гэж хүсэж байна. Бид ер нь цаашдаа хамтарсан гэдэг нэрийн доор төрийн хэмнэлтийн хуулийг зөрчөөд явах юм уу? Би ийм л шаардлагыг тавьж байгаа. Хамгийн гол нь дараа нь хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байдал үүсчихлээ. Эрчим хүчний яамтай мөртөө Эрчим хүчний реформын шинэтгэлийн хороотой, дээр нь эрчим хүчний компаниудыг удирдах байгууллагыг хүртэл байгуулж үзлээ шүү дээ. Хэн юу хийх гээд байгаагаа ч ойлгохгүй. Ийм байдалтай л явж байна. Сайдууд нь гал барихаасаа татгалзаж бөмбөг паасалж байгаа мэт явж байна. Хууль зүйн сайдын асуудлыг хэрэг эрхлэх газрын дарга бариад явж байх жишээтэй. Шүүмжлээд байгаа юм биш. Энэ мэтчилэн хариуцлагагүй олон чиг үүргийн давхардал Монголын төрд бий болчихлоо. Хэн нь юу хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй сүүлдээ хөл толгой нь олдохоо байлаа. Иймэрхүү бодитой дутагдлыг засахгүй болж ужгираад байна гэдгийг л хэлж байгаа юм.
–Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа