Засгийн газраас өргөн барьж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх тоглоомын тооноос хасах зохицуулалт оруулжээ. Энэ зохицуулалтыг мөн Эрүүгийн хуульд оруулах юм байна.
Анх удаа санаатай болон санаандгүйгээр цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом анх удаа тоглосон бол Зөрчлийн хуулиар 1 удаа торгох гэнэ. Цахим мөрийтэй тоглоом далд хэлбэрээр маш олон хүнийг хамарч байгаа гэдгийг мөнгөн урсгалын хэмжээ томорсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Зөвхөн 2024 онд 500 сая доллар, 2025 оны эхний 2 сард 87 сая доллартой тэмцэх хэмжээний мөнгө мөрийтэй тоглоомд эргэлджээ.
Далд эдийн засаг гэж бид яриад байдаг. Гэтэл далд эдийн засаг ямар ч бүртгэлгүй, татваргүй, нууцаар бараг айл бүрийн хойморт гар утсаар дамжин хүрсэн байж болзошгүй байна. Мөрийтэй тоглоомд ганцхан жилд эргэлдсэн 500 сая доллар нь Монгол Улсын хүүхдийн мөнгөний бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Монгол Улсад 1999 онд баталсан Казиногийн хуулиас өөрөөр мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалт бараг байхгүй. Засгийн газар дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барихдаа түргэвчилсэн горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргажээ. Түүнчлэн бүх төрлийн мөрийтэй тоглоомыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглох заалт мөн тусгасан байна.