horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд

post-img

Засгийн газар тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд (ТҮГЭС)-аар нэгэн зэрэг 8 хүнийг, тэр тусмаа 1990 оноос хойш ҮАБЗ-д багтаж байсан эрхмүүдийг томилсонд олон нийт гайхаж, басхүү хачирхаж байна. Нийт 12 Элчин сайдаар Засгийн газар тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. Тэднээр чухам ямар тусгай үүрэг гүйцэтгүүлэх нь олон нийтэд сонин байгаа юм. Тэд 14 мега төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гадаадад суурин суудаггүй. Хариуцсан үүргээ гүйцэтгэхийн тулд түр гадаад явах шаардлага бол гардаг. Монгол Улсын төр, засгийн тэргүүнээр ажиллаж, гадаад, дотоодын олон хүнтэй уулзан, өргөн харилцаа холбоо үүсгэсэн ийм хүмүүсийг том ажилд татан оролцуулах нь байж болох бодлого. “Танилтай хүн талын чинээ” гэдгийг ч тэд харуулах биз. 

Энэ хүмүүсийн хэн нь аль мега төслийг хариуцаж авах нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Үүнийг Ерөнхий сайд, ГХЯ, ЭЗХЯ тухайн хүмүүстэй өөрсөдтэй нь зөвшилцөн тохирч байгаа аж. Тэд төрийн албан хаагч биш тул цалин авахгүй. АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй. Гадаадад суухгүй. Шаардлагатай тохиолдолд гадаад руу томилолтоор явна. Томилолтын зардлыг ГХЯ гаргана.

         Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Энхбаяр

Нэгэн цагт Монголын хаан гэгдэж явсан Н.Энхбаяр хаадын нийслэл Хархорум хотыг дааж авчээ. Монголчуудын түүх, соёл, урлаг, төрт ёсны голомт болсон Орхоны хөндийд орчин цагийн Хархорумыг хурдан босгоход дэм болох нь Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын ажил ажээ. Тэрээр Хархорум хотыг сэргээн байгуулах, уул уурхайн түүхий эдээ боловсруулахад технологийн дэвшил ашиглах гэсэн 2 төсөлд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллах хүсэлтээ Л.Оюун-Эрдэнэд илэрхийлснээр Ерөнхий сайд түүнд Хархорумыг даатгажээ.

МАХН-аа татан буулгаж, гишүүдээ МАН-д нэгтгэсэн Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн, баруун гар Б.Тулгыгаа Боомтын сайд болгоод, өөрт нь санал болгосон албан тушаалыг хүлээж аваагүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санаархаж байна гэж зарим хүн түүнийг хардаж байтал тэр өөрийн саналаар тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болчихлоо. ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаас Хархорум хотыг сэргээн байгуулахад туслах ТҮГЭС байхыг тэр илүүд үзсэн байх юм. Цаанаа учиртай л байх.

Чингис хаан 1220 онд Монголын Эзэнт Гүрэний нийслэлийг Хархорумд шилжүүлэх зарлиг буулгасан гэдэг бол Н.Энхбаяр энэ хотыг сэргээх хүслийг 1986 оноос сэтгэлдээ сэм тээх болсон гэх. Хархорумыг сэргээн байгуулахаар 1998 онд УИХ ажлын хэсэг байгуулсан ч ажил хийж гавьсангүй. 2005 онд Ерөнхийлөгч болмогцоо Н.Энхбаяр энэ ажлыг эрчимжүүлж, Засгийн газраас ажлын хэсэг гаргуулан, хүн ам суурьшуулах газар, ус, хөрс, агаарын судалгаа хийлгэжээ.

Тэгвэл 2022.11.24-нд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын 6 Ерөнхийлөгч уулзаж, Хархорумыг сэргээх талаар санал нэгдсэн байна. Үүнээс 20 гаруй хоногийн дараа 2022.12.20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумыг сэргээн байгуулах зарлигт гарын үсэг зурав. Үүний дараа УИХ 2023.01.12-нд Шинэ Хархорум хот байгуулах тогтоол гаргалаа. Шинэ хот байгуулахад шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах үүрэг Засгийн газарт оногдов. Засгийн газар 2024 онд Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын  нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Хархорум хотод өгсөн юм. Хотынхоо ерөнхий төлөвлөгөөг боловсруулчихсан. Энэ онд хот байгуулж эхлэх ёстой. 2030 он гэхэд Орхоны хөндийд Хархорум гэдэг шинэ хоттой болохоор “Алсын хараа 2050”-д тусгачихсан. 4 жил нь өнгөрчихлөө. Үлдсэн ажлыг 5 жилд амжуулахад Н.Энхбаяр тусална. Хархоринд хаусаа бариад, амьдрах шаардлага ч гарч мэднэ.  

Н.Энхбаяр “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг үзэл баримтлалаар Хархорумыг сэргээн байгуулахаар төлөвлөж яваа аж. Тэрээр 2023 оны зун Японы Кума, Израилын Дотан, Казахстаны Рустанбеку нарын архитекторыг Хархорумд урьж, шинэ Хархорумыг хэрхэн байгуулах талаар санал солилцсон байна. Энэ тухайгаа тэр “Хорвоо гэдэг чинь уужим биш юм билээ. 2 хүний гар барилтаар л хэмжигддэг юм байна” гэж ярьжээ. Тэгэхээр Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд гар барьсан эрхмүүдтэйгээ хамжин, хаадын нийслэлийг хурдхан сэргээн байгуулаад, Л.Халтартай хамт хаан шиг амьдрахаар зүтгээд байж дээ.  

              Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд З.Энхболд

Сэлэнгэд мал маллаж байсан З.Энхболдыг хийн хоолойн төсөл хариуцуулахаар Ерөнхий сайд урьжээ. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан, БНХАУ руу татах хийн хоолойн төслийг хөдөлгөх ажлыг тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд З.Энхболд хариуцаж авчээ. Тэрээр энэ асуудлыг шийдэхэд нь Засгийн газарт туслан, ОХУ, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийх үүрэг хүлээв.

2005-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 2012-2016 онд УИХ-ыг даргалж явсан З.Энхболд ийнхүү Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн цэрэг болов. Түүний ажил бол хийн хоолойг Монголын нутгаар явуулах, энэ төслийг түргэвчлүүлэх. ОХУ Сибирь дэх байгалийн хийн орнуудаа ашиглахаар 2017 онд “Дорнын хийн хөтөлбөр” баталж, Зүүн Сибирь, Алс Дорнодын хийн нөөцийг ашиглах, БНХАУ-д нийлүүлэхээр зорьсон юм. Гэхдээ уг хөтөлбөрт Монголыг тусгаагүй. Гэсэн ч Монгол Улс тэр үед уг хоолойг газар нутгаараа дамжуулахаар том мөрөөдөж, “Алсын хараа 2050” баримт бичигтээ тусгав. Монголчууд дэмий мөрөөдөөгүй. Учир нь Украин, Крымийн асуудлаас үүдэлтэйгээр ОХУ Азийг ихээхэн сонирхож эхэлсэн цаг. Ингээд хойд, урд хоёр хөрш хоорондоо шууд хиллэдэг хэсгээрээ хийн хоолой татахаар зураг зурж, төсөл боловсруулж эхэлсэн юм. Чаяндин, Ковыктагийн ордын нөөц, хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй болсон тул Ямалаас хоолой татахаар төлөвлөжээ. Үүнийгээ Монголоор дайруулахгүй гээд Манжуураар тойруулалтай биш. Тэгээд л Орос, Хятад хоёр дундаа байгаа Монгол, Казахстанаар дайруулахгүйн тулд Монгол-Алтайн нуруун дээгүүр хийн хоолой татахаар зүтгэсэн юм. Жилийн бүх улиралд цасаар шуурч байдаг тэр газраар, цас мөсөн оргил дээгүүр аварга том хоолой татна гэдэг яггүй. Хүний санаанд орж, техникийн хүч хүрч болох ч их л зардалтай. Тооцоогүй ямар ч асуудал дараа нь үүсэхийг бүү мэд. Үүнийг монголчууд хоёр хөршдөө ойлгуулж, Монгол-Алтайн нуруун дээгүүр хийн хоолой татахыг нь болиулан, Монголын тал нутгаар дайруулах шийдвэрт хүргэсэн юм. Уг хоолойг өөрийнхөө нутгаар явуулахаар Монголтой өрсөлдөж байсан Казахстан нэр дэвшигчийн тооноос хасагдаж, Монгол ганцаар үлдсэн ч энэ ажил олигтой урагшилсангүй. Уг нь ТЭЗҮ бэлэн. Орос ажлаа эхлэхэд бэлэн.

Уг нь хийгээ зарах хэрэгцээ хойд хөршид бий. Түүнийг нь авах хэрэгцээ урд хөршид бий. ОХУ-аас Европын улсууд байгалийн хий авахаа зогсоосон тул олборлож буй хийгээ Ази руу яаралтай зарах шаардлага ОХУ-д үүсээд буй. Үүн дээр нь дөрөөлөн, БНХАУ хийг нь хямдхан авахаар гүрийж байгаа аж. 1000 шоо метр хийг хятадууд 250-иараа авах нь уу, оросууд 450-иараа зарах нь уу. Тэд үнээ тохирчихвол бүх ажил урагшилна.

Үүнд л З.Энхболдын туршлага, ур чадвар хэрэгтэй гэж Л.Оюун-Эрдэнэ үзжээ. Энэ хоолойг татчихвал манай улсад ч хэрэгтэй. Утаагүй түлш гэгчийг уушгиа цоортол туршиж, 800 хүний амиар туршилтаа дуусгаад байгаа Монгол Улс нийслэлийнхээ иргэдийг хийн түлшинд шилжүүлэхээр болсон. Үүнд хойд хөршийн хий хэрэгтэй. Хятадууд тэр хийг хэр хямд авч чадна, манайх ч бас тийм үнээр авах боломжтой. Тэгэхээр энэ хоолой яаж ч бодсон манай улсад ямар ч гэсэн хэрэгтэй.   

0/1000
Ган

Үхэж үрэгдээд зайлаасай. Яасан ханаж цаддаггүй бирдүүд вэ.
Зүгээр сайхан амраач, дагуулаад уул хаданд зугаалах үр зулзага алга уу. Ордноос л холдвол үхчих гээд байна уу.
Насаараа албан тушаал мөнгөний төлөө үхэлдлээ. Одоо зүгээр сайхан жинхнээсээ амьдраач эээ

Монгол хүн

Битгий олон юм донгос чи хуруу нэмэхгүй байж хушуу бүү нэм чамайг бодвол Энхбаяр eрөнхийлөгч дэлхийн хүн