Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Галшар суманд 2024 онд үйлдэгдсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Нийт 571 зөрчлийн 49.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 15.2 хувь нь хүний биед халдсан, 7.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байна.
Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт 2023 оноос буурчээ. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 7.5 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6.7 хувиар тус тус буурсан байна.
Харин Танхайрах зөрчил 35.9 хувиар, Хүний биед халдах зөрчил 16 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 13 хувиар, Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил 12.5 хувиар өсжээ.
Судалгаагаар 28 төрийн албан хаагч зөрчилд холбогдож, 68.9 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн байна.
Судалгааны дүнд үндэслэн тус прокурорын газраас Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, сумдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.