horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төв аймаг хуучирсан байраа нурааж, бизнес зэрэглэлийн орон сууц барихаар шав тавилаа

post-img

Төв аймгийн Зуунмод сумын Номт багт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1 болон 2 дугаар байрыг нурааж, буурин дээр нь орон сууц барьж эхэллээ. Улаанбаатар хотод барьдаг, бизнес зэрэглэлийн орон сууц энд барихаар төлөвлөжээ. 6000 м2 талбайтай, 300 айлын эдгээр орон сууцыг “Гурван-Эрдэнэ” ХХК ногоон технологиор барих аж. Уг орон сууцыг сэргээгдэх эрчим хүчээр ханган, цэвэр шугамд нь зэс хоолой суурилуулах юм байна.

Уг төслийн нээлтийг өнөөдөр хийж, тус аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд “Бид иргэд, олон түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, барилга баригдахаас дуусах хүртэл хяналт тавина. 100 гаруй жилийн түүхтэй аймагт маань анхны дахин төлөвлөлтийн ажил өрнөж эхэллээ. Үүнийг бид “Шинэ Зуунмод” хотын эхлэл гэж харж байна” гэлээ.

Зуунмод сумын засаг дарга Б.Хатанбаатар “Дахин төлөвлөх шаардлагатай хэд хэдэн байршил Зуунмод суманд бий. 2012 онд “1000 айл”-ын орон сууцны хорооллын суурь тавьсан бол өнөөдөр баригдаад дууссан. Үргэлжлүүлэн 2000 айлын орон сууц барьж байна. “Одоо энд шаваа тавьж байгаа орон сууцанд хэн орох вэ” гэсэн асуулт та бүхэнд байгаа байх. Энд орлоготой иргэн л орно. Бид сумынхаа иргэдийг ажилтай, орлоготой болгоход, ажилтай, орлоготой байлгахад анхаарч ажиллана. Аймаг, сумын хөгжлийн бодлого ч үүнд чиглэж байгаа” гэв.

0/1000