horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ биелээгүй ч биелсэн гэдэг дүгнэлтэд дуртай

post-img

УИХ 2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт дурдагдсан зарим нэг дүгнэлт олон нийтийг төдийгүй их хурлын зарим шинэ гишүүдийг алмайруулав. Тухайлбал: Эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох гэдэг зорилтыг Засгийн газар “100 хувь биелсэн” гэж дүгнэжээ.

Гэтэл өнгөрсөн жил Монгол Улсын эрчим хүчний салбар 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өнгөрсөн 30 жилд ганц дорвитойхон станц барьж чадаагүй. Өнөө хэр нь ОХУ-аас эрчим хүч өндөр үнээр худалдан авч, баруун аймгуудынхаа хэрэгцээг хангаж байна.

Алдагдлыг бууруулахын тулд эрчим хүчний үнийг төрөөс удаан хугацаанд барьж, боож ирснийг 2024 оны 11-р сараас болиулж, цахилгааны үнийг 30-80 хувиар нэмэгдсэн. Гэлээ гээд энэ нь үйлдвэрлэгчдийг башийлгаагүй, тухайн саруудад эрчим хүч үйлдвэрлэх зардлаа л нөхсөн гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд өнөөдөр ч ярьсаар байна. Ашиг авчраагүй ч алдагдалд ороогүй нь их юм л даа, уг нь.

Харин УИХ-ын индэр дээр Монгол Улсын эрчим хүчний салбарыг үр ашигтай болгох гэдэг зорилт 100 хувийн биелэлттэй гэдэг дүгнэлт яригдсаар.

 Олон жил төрийн ордонд үе улиран сууж байгаа түшээд бодит байдалтай үл нийцэх өнөө дүгнэлтдээ алга ташсаар сууна. Харин дарга нарын энэ хийсвэр хөөрийг парламентад шинээр орж ирсэн, бодит байдлыг эрүүл ухаанаар харж суугаа шинэ гишүүд ойлгохгүй байгаагаа нуусангүй. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Цахилгааны үнийг огцом нэмж, утаа үйлдвэрлэхгүйгээр халаалтаа шийдсэн айлуудыг хүнд байдалд оруулж байгаагаа үр ашиг гэж ЗГ үзэж байна уу?” гэж лавлахад, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга “Үнээ нэмсэн юм чинь алсдаа үр ашигтай л болно шүү дээ” хэмээн хээв нэг хариулж сууна.

Ийм хариулт өгч байгаа төрийн нарийн бичгийн даргын нүүрэнд ичих эсвэл санаа зовсон өнгө аяс огт харагдсангүй. Үнэхээр Монгол Улс 2024 онд эрчим хүчний салбарт үр ашиг авчирсан гэж үү? Өвлийн турш гэнэт цахилгаан хязгаарлаж, нийслэлчүүдийг лаа барихад хүргэж сандаргаснаа мартсан бололтой.

2028 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлд бүр ч ичмээр 1 дүгнэлт дурдагдав. Авлигын гэмт хэргийг бууруулах зорилтоо мөн 100 хувь биелсэн гэж дүгнэсэн байлаа. 2021 онд Монгол Улсад авлигын 335 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2024 онд энэ тоо бүүр ч өсөж, 577 болжээ. Энэ бол зөвхөн илэрсэн хэргийн тоо шүү дээ. Илрээгүй, далд хэчнээн ч гэмт хэрэг байгааг бид одоохондоо таашгүй.

Авлигын түвшинг тодорхойлдог “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын авлигын үзүүлэлт огт ахиагүй. Олон улсын дунджаас доогуур буюу 33 оноотой явж ирснийг танилцуулаад удаагүй байна. Гэтэл Монгол Улсын парламентын танхимд авлигын гэмт хэргийг бууруулах зорилтоо 100 хувь биелүүлсэн гэдэг дүгнэлт цангинасаар. “Авлигын гэмт хэргийг бууруулах зорилтоо биелүүлсэн гэдэг дүгнэлтийг зорилт биелнэ гэдэг талаас нь харах ёстой. Түүнээс биш шууд утгаар нь ойлгож болохгүй” гэдэг тайлбар хурлын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын амнаас мөн уналаа.

УИХ гэдэг Монгол Улсын хамгийн хариуцлагатай индэр байх учиртай. Энд хэлсэн үг, дурдсан баримт олон нийтийн анхаарлын төвд, олон улсын сонорт ч хүрэх үнэтэй цэнтэй. Гэвч манай улсын төрийн түшээд сонгуулийн амлалт шигээ Засгийн газрын хөтөлбөртөө багтсан, биелээгүй үйл хэргийг биелсэн гэж дүгнээд, сэтгэл амар, нуруу тэнэгэр сууна. Энэ 7 хоногт парламентын танхимд яригдаж байгаа дүгнэлтүүдийн захын жишээнээс биелдэггүй уриа лоозонгоо биелсэн мэтээр дүгнэдэг жишээ 2 гарлаа. Бид мартсан л болохоос биш, энэ мэт биелээгүй амлалт өнгөрсөн 30 жилд хэчнээн олон удаа яригдаж, бас хэчнээн олон удаа 100 хувь биелсэн гэж дүгнэгдсэн бол.

 Хэрвээ өнгөрсөн хугацаанд байгуулагдсан Засгийн газруудын хөтөлбөр, төлөвлөгөө биелсэн бол бид өнөөдөр түгжрэлд туньж суухгүй, метрогоор зорчиж, эрчим хүчээ гадаадаас үнэтэй авалгүй, өөрсдөө экспортолдог болчихсон сууж байх байлаа. Хэрвээ одоогийн дарга нарын амлалт ажил хэрэг болж биелсэн бол Монгол Улс жилдээ 400 сая жуулчин хүлээж аваад, нүүрсний үнэ харж, шаналж суухгүй байх байсан биз.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэзээ сайжрах нь мэдрэгдэхгүй, эгзэгтэй цаг үеийг туулж байна. Гэхдээ бодит нөхцөл байдлаа байгаагаар нь биш, хийсвэрээр дүгнэсээр явбал Монголын маргааш гэрэлтэй байх нь эргэлзээтэй.

Монголчууд бид хийсэн ажлаа хэзээ бодитойгоор тайлагнаж сурах вэ? Ажил, хөтөлбөр дүгнэх шалгуураа хэзээ логик дараалалтай болгох вэ? Бид маргаашаараа амьдарсан хийсвэр зангаа бүх шатандаа засаж, залруулахгүй бол Монгол Улс хөгжинө гэдэг “Эрчим хүчний салбар үр ашигтай болсон” гэдэг шиг хийсвэр утоп зүйл болж, цаасан дээр хоцрох нь. Хэзээ бид дарга, цэрэггүй бодит үнэнтэйгээ нүүр тулах вэ?

0/1000
DR. ADITYA

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00