Сү.Батболдын Засгийн газар 2010.08.27-нд Өмнөговьд хуралдсан даа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, Оюутолгой, Тавантолгойн асуудал хэлэлцэхийн тулд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Өмнөгов аймгийн Баяндалай сумын Гашуунхоолой гэдэг газарт очиж, хуралдсан нь тухайн үед содон үйл явдал байлаа. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга байв. Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол Улс руу, Монголд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт рүү хандуулах зорилгоор ийм санаачилга гаргасан юм даг.
Үүнийг дуурайн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа Хөвсгөл нуурын эрэгт хуралдуулах гэсэн ч олон нийтийн шүүмжлэлд өртөөд больсон. Тэрээр давхар дээлтэй сайд нараа УИХ-ын чуулган, бүлэг, байнгын хорооны хурлаа таслахгүй байлгах гэж Шинэчлэлийн Засгийн газраа бямба гарагт хуралдуулдаг болсон. Түүнээс ч дутахгүй олон давхар дээлт сайдтай Ч.Сайханбилэг намын бүлгүүдийн хуралтай давхцуулалгүйгээр Шийдлийн Засгийн газраа хуралдуулж амжина гэж тооцоод, даваа гарагт хуралддаг болсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хурлыг буцаагаад лхагва гарагт хийдэг болгож, хуучин дэгдээ эргэж орсон юм. Одоо түүгээрээ явж байгаа.
Энэ удаад Хамтарсан Засгийн газар 4-6 дугаар сарын хооронд 7 хурлаа хөдөө хийхээр төлөвлөж, хуваариа баталлаа. Хуваарь:
- 4 дүгээр сарын 14-нд Хангайн бүсийн Архангай
- 4 дүгээр сарын 18-нд Хойд бүсийн Булган
- 5 дугаар сарын 12-нд Говийн бүсийн Дорноговь
- 5 дугаар сарын 26-нд Төвийн бүсийн Дархан-Уул
- 6 дугаар сарын 9-нд Зүүн бүсийн Дорнод
- 6 дугаар сарын 23 Баруун бүсийн Баян-Өлгий
- 6 дугаар сарын 30-нд Улаанбаатарт хуралдана.
Энэ хурлын хуваарь, товыг одоо л олон нийтэд зарлаж байгаа болохоос ийм хурал хийх нь 2 сарын өмнө, оны эхэнд тодорхой болчихсон байлаа. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо 2025.02.03-нд хуралдан, бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалтуудыг бүс, орон нутгуудад зохион байгуулахаар болж, 3 дугаар сард Баян-Өлгий аймгаас эхлэхээр тогтсон юм. Уг зөвлөгөөнд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, оролцохын зэрэгцээ хурлаа хийнэ. Үүнээс тодорхой шийдвэр гаргаж, тухайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулна гэдгийг Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан тухайн үед мэдээлж байв.
Засгийн газар хөдөө хуралдахаар болсон үндэслэлээ бүсүүдтэй холбожээ. Манай улс 2024.10.26-нд Улаанбаатарт Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган хийж, бүсүүд бүс бүсээрээ хуралдан, асуудлаа ярилцаж, шийдлээ хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрсэн. Үүнээс сарын дараа 2024.11.28-нд төвийн бүсийн хөгжлийн чуулган Дарханд болж, зорилтот хөтөлбөрөө боловсруулсан. Одоо энэ хурлыг бүс бүрт хийж, Засгийн газар танхимаараа хүч нэмэгдүүлэх юм байна.
Бүсүүд:
- Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг. Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс
- Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг. Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс,
- Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг. Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс,
- Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл аймаг. Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс,
- Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг. Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс,
- Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг. Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс,
- Улаанбаатарын бүс: Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв.
Засгийн газар 16 яам, 23 сайдтай. Энэ олон хүний хөдөө явах унаа машины зардал, байрлах буудал, хоол унд, томилолтын зардлыг хаанаас гаргах бол? Ерөнхий сайд энэ онд 630 тэрбум төгрөг зарцуулах төсөвтэй. Үүнээсээ лав гаргахгүй. Сайд нар өөр өөрийн төсвөөс зардлаа гаргаж таарна.
Сайд нарын төсөв:
- Ерөнхий сайд 630 тэрбум
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 328.8 тэрбум
- Шадар сайд 404 тэрбум
- Монгол Улсын Шадар сайд 8 тэрбум
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 152 тэрбум
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 24 тэрбум
- 20 минутын хот үндэсний хорооны дарга 31.8 тэрбум
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 15 тэрбум
- Гадаад харилцааны сайд 275 тэрбум
- Сангийн сайд 5 их наяд
- Хууль зүй, дотоод хэргийн сайд 1.8 их наяд
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 70.8 тэрбум
- Батлан хамгаалахын сайд 884 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 337 тэрбум
- Боловсролын сайд 4.5 их наяд
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 4.5 их наяд
- Зам, тээврийн сайд 1.5 их наяд
- Соёл, спорт, аялал жуулал, залуучуудын сайд 596 тэрбум
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 495 тэрбум
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 830 тэрбум
- Цахим хөгжил, инновац харилцааны сайд 130 тэрбум
- Эрчим хүчний сайд 310 тэрбум
- Эрүүл мэндийн сайд 1.8 их наяд
Засгийн газар уг нь Төрийн ордон гэдэг том байртай. Түүндээ хуралдаж болоод л байдаг. УИХ 2025 оны төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлахдаа төсөвт байгууллагуудын зарим зардлыг 10-100% бууруулсан. Бүх байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн хийх, дуудлагын машин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100% танасан бол байр, хоолны зардлын 10%-ийг хассан. Яамдын гадаад томилолтыг 50% цөөлсөн.
Тэгсэн атал одоо Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөөгүүр хэсэж, хүмүүсийг хөлдөө чирэх гэж байна. Засгийн газар хөдөө хуралдана гэдэг бол 23 хүн автобусаар очин, аймгийн хурлын танхимд хэдэн цаг суугаад, буцаж ирэх тухай асуудал биш. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд дагалдан явж, сайд нарын аюулгүй байдлыг хангана. ЗГХЭГ-ын ажилтнууд хамт явж, Засгийн газрыг хурлаа хэвийн явуулах нөхцөл бүрдүүлнэ. Яам бүрээс хэдэн ажилтан, сайд нарын туслахууд, хэвлэлийн төлөөлөгч нь дагалдаж таарна. Аягүй бол бөөнөөрөө 45 хүний суудалтай том оврын автобусанд суухгүй голно. Сайд бүр машинтайгаа давхина. Түүний түлш, тос гээд овоо юм үрэгдэх биз. Тэр бүрт жолооч, хамгаалагч гээд түмэн хүн дагана. Арай л тогоочоо авч явахгүй байх. Тэр олон хүний хоол, зочид буудал, цай, кофе, зууш гээд зардал талийж өгнө дөө.
Хөөрхий аймгуудын засаг дарга нар наанадаж 7 хоногийн ажлаа алдан, бөндөгнөж, зардлыг нь зохицуулах гэж бажигдана. Хурлаа хийчхээд өнөөдүүл нь шууд явахгүй. Цаадуул нь ч явуулахгүй. Ажлын бус цагийг аятайхан өнгөрүүлэхээ хэн хэн нь мэдэлгүй дээ. Ийм л юм болох гээд байна. Бөөн зардал гарах гээд байна.
Одоогоор Засгийн газар өөр газарт хуралдах нөхцөл байдал үүсээгүй, тийм шаардлага гараагүй байгаа юм. Бүс бүрт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж хуралдахын оронд тухайн бүсэд хамааралтай сайд нь очоод, хамааралтай ажлаа хийчихэж болно л доо, уг нь. Тэнд хуралдсан ч, энд хуралдсан ч шийдвэр нь адилхан хойно. Улаанбаатарын угаар, шорооноос холдвол арай өөр, ухаалаг шийдвэр гаргах гээд байгаа юм болов уу?
2025-03-30 06:15:16
Зүгээр л тэнэглэл.
Ажил хийсэн дүртэй харагдах гэсэн ядарсан зан.
Баахан дарга нарыг бөөцийлөх гэж баахан төрийн албан хаагч нар баахаа ажлаа алдаад, баахан стрессдэх, баахан хэрэггүй зардал гарахаас өөр үр дүн гарахгүй.
2025-03-29 09:40:50
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00