Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл нь бие биш, нийгэм болоод удаж байна. Тэд өөрсдийгөө бэрхшээлтэй гээд гараа хумхиад, гэртээ суудаггүй. Харин бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү суралцаж явна. Тэдний төлөөлөл болгон “Ардын тэтгэврийн сан” компанийн харилцагчийн үйлчилгээний менежер Т.Урантөгстэй ярилцлаа.
-Ямар бэрхшээлийн улмаас хэзээнээс тэргэнцэр дээр суух болсон бэ?
-Би 2013 оны 4-р сард хүзүү, нуруу, нугасны бэрхшээлтэй болж тэргэнцэр дээр суусан. Минийх олдмол бэрхшээл. 12 жил тэргэнцэр дээр сууж, ийм байдалтай ажиллаж, амьдарч явна даа.
–Анх хөгжлийн бэрхшээлтэй болоод мэдээж хэцүү байсан байх. Яаж даван туулсан талаараа ярьж болох уу?
-Тоочвол дуусахгүй олон бэрхшээл байдаг. Анх хөгжлийн бэрхшээлтэй болоод, сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Эв эрүүл гүйж харайгаад, хэнээс ч хараат бус өөрийнхөөрөө амьдардаг байсан хүн нэг өдөр хүний гарт орсон. Сүүлийн 12 жилийн хугацаанд хэн нэгэн намайг орноос босгож, хувцсыг минь өмсүүлж, тэргэнцрээс ор луу, орноос тэрэг рүү зөөдөг болсон. Хүний хийдэг наад захын зүйлийг өөрөө хийж чадахгүй болохоос эхлээд бэрхшээл үүссэн. Одоо ажил хийгээд, нийгэмд оролцоод явж байгаа ч гэсэн миний бэрхшээл байж л байна.
Биднийг залхуураад, тэргэнцэртэй яваад байна гэж хардаг хүмүүс байдаг. “Уучлаарай. Би хийх юмаа хийсэн” гэж хэлмээр байдаг юм. Хөл дээрээ босохын төлөө 4 жил бие, сэтгэл, мөнгөө зарцуулсан. Дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө хүчилсэн. Энэ хугацаанд сэтгэлээр унаж, амиа хорлохоор оролдож ч үзсэн. Үхтэл үр харам гэдэг. Би хүүхэдтэй. “Би чинь ээж хүн шүү дээ” гээд хүүгийнхээ төлөө хичээхээр шийдсэн. Хамгийн гол нь би сэтгэл санаагаа ялан дийлж чадсан. Хэрвээ тухайн үед шантраад, сэтгэлээр унаад, “Чадахгүй юм байна” гээд больсон бол гэртээ суусан хэвтрийн хүн л байх байсан.
–Хүү тань одоо хэдэн настай вэ? Ээж, хүү хоёртойгоо хамт байдаг юм байна шүү дээ.
-Миний хүү одоо 13 настай. Яг өсвөр насан дээрээ яваа. Намайг хурцалж өгдөг ганц хүн. “Ээж би ийм юм авъя, сагсны дугуйланд явъя” гэж хэлнэ. Тэгэхээр би ээж хүн байж “Надад байхгүй. Ээжид нь боломж алга” гээд ухрах эрх байхгүй. Хүүгээ сурч хөгжих насанд нь бүх зүйлээр нь хангах ёстой эх хүн учраас шантардаггүй.
Хүн л болсон хойно өвдөж, ядраад, ажилдаа явмааргүй үе байдаг. Хөдөлмөрийн чадвар алдагдалтай учраас ядрах нь арай илүү. Гэхдээ гэрээ хийж, ажилд орчхоод, шалтаг хэлээд, ажлаа таслах, чөлөө авахыг хүсдэггүй.
Бас ээж маань 66 настай. Боломжтой үедээ намайг ажилд хүргэж өгдөг. Гэхдээ настай хүн ядарна, сульдана. Тэрнээсээ болж, маргалдах үе ч гарна. Аргагүй шүү дээ. Энэ хүн чинь амрах ёстой насандаа ирсэн шүү дээ. Тийм болохоор би 13 настай хүүдээ, тэтгэврийн настай ээждээ ачаалал бага өгөх үүднээс хувийн туслах үйлчилгээг ашигладаг. Хүүдээ сайн ээж, ээждээ сайн охин, сайн ажилтан байхыг хичээдэг. Хичээсээр байх болно.
“Ард тэтгэврийн сан” компанид ороод удаж байгаа юу. Өмнө нь ажил хийдэг байсан уу?
-Энэ ажилд орохоос өмнө “Түгээмэл хөгжил” ТББ намайг төсөлд оролцохыг урьсан. Тэр төслийн хүрээнд би нийгэмшсэн. Төслийн санал ирэхээс өмнө би гэрийн хүн болсон байлаа. Ажил хийнэ гэхээр толгойд буудаггүй. Яагаад гэхээр би 4 мөчний гэмтэлтэй хүн шүү дээ. Яг эгэмний яснаас доошоо гэмтсэн. Миний хоёр гар бас бүрэн атгадаггүй. Наанадаж машин жолоодоод халтуур хийе гэж бодоход, гар атгагдахгүй учраас боломжгүй байсан. Надад ганц хийж чадах юм нь оюуны ажил л байсан.
Тэгээд энэ төсөлд оролцохдоо өөртэйгөө адилхан бэрхшээлтэй хүмүүсийг харсан. “Түгээмэл хөгжил” төв дээр очиход, нугасандаа гэмтэлтэй хүмүүс компьютер дээр юм шивээд сууж байсан. Тэрийг хараад би “Надад ажил хийх боломж байгаа юм байна шүү дээ. Яагаад энэ хүмүүс чадаж байхад би чаддаггүй юм” гэж бодож эхэлсэн. Тэгээд 2023 он хүртэл “Түгээмэл хөгжил” төвд ажилласан. Үүний дараа одоогийн энэ компанидаа орсон.
–Шинэ ажилд ороход ямар байсан бэ?
-Мэдээж тэс өөр орчин намайг угтсан. Хамгийн гол нь би эрүүл саруул хүмүүс дунд орж ажиллах болсон. Хуучин ажлынхан маань бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байсан учраас ойлголцох тал дээр арай өөр байсан. “Ардын тэтгэврийн сан”-д шижигнэсэн залуус дунд орж ажиллах болсноор би тэдэнтэй адилхан ур чадвар гаргах хэрэгтэй болсон. Харилцаа хандлагын хувьд миний ойлгохгүй зүйл их гарч байсан. Одоо жил гаруй хугацаа өнгөрлөө. Би өөрийгөө ойлгуулаад, давуу тал ихтэй болж байгаа.
–Хүн өөрөө хичээвэл болохгүй зүйл байдаггүй юм гэдгийг таны ярилцлагыг уншсан олон хүн ойлгох байх аа.
-Зарим хүн мөнгөний мод тарьчхаад, мөнгөтэй болно гэж бодоод байдаг. Зүгээр нэг мод тарьчхаад, мөнгөтэй болно гээд хүлээгээд байвал болохгүй шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө хичээхгүй байж, “Амьдрал надад хатуу хандаад байна. Хэцүү байна. Бүх юм болохгүй байна” гэж шалтаг тоочдог. Уг нь хүн өөрөө хичээж л чадвал үр шим нь заавал ирдэг. “Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй” гэж хэлэх дуртай. Хэчнээн хэцүү зүйл тулгамдаж байгаа ч гэсэн эерэг талаас нь харвал бүх зүйлд шийдэл, гарц байдаг.
–Автобусаар ажилдаа ирж, очдог юм байна. Хувийн туслах үйлчилгээ маш хэрэгтэй. Гэхдээ манай улсад сайн хөгжихгүй байх шиг байна.
-Улсаас хувийн туслах үйлчилгээ хэрэгжүүлээд 3 дахь жилдээ орж байна. Би өмнө нь ажиллаж байсан байгууллагаараа дамжуулаад, энэ үйлчилгээг аваад явж байгаа. Энэ үйлчилгээ манай улсад төдийлөн сайн хөгжихгүй байна. Уг нь маш хэрэгтэй. Энийг дэмжихгүй байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Манай хүү орой “Ажлаа тараад, очиж байна” гээд ярихаар “Хувийн туслах байгаа юм уу, ээж. Өглөө яаж явах юм” гээд асуудаг.
Би өөрийн бие махбодиороо мэдэрч яваа хүний хувьд хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийнхөөрөө, хүнээрээ амьдрахад тусалдаг. Миний хувьд 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай учраас хувцсаа өмсөх, тайлах, ажилдаа ирэх очих, гадуур явах, эмнэлэг ороод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд хүртэл хувийн туслах надтай хамт явдаг. Гадуур хувцас тайлж өгдөг. Гэтэл хүмүүс хувийн туслахыг зүгээр л тэрэг түрээд явдаг хүн гэж хардаг. Үгүй байхгүй юу? Бидний бүх амьдрал руу орж байна л гэсэн үг. Тэгэхээр хувийн туслахууд маань чадвартай байх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь тэдэнтэй зарц боол мэт харьцахгүй, хоорондоо нийлж ажиллах хэрэгтэй.
–Хүмүүс нь биш нийгэм нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хүмүүс намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж хараад байдаг. Үгүй. Би чинь бие эрхтний бэрхшээлтэй л хүн. Яг хөгжлийн бэрхшээлийг бий болгоод байгаа зүйл нь хүмүүсийн харилцаа, хандлага, орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмж.
Ганцхан жишээ ярихад, улаан, ногоон гээд баахан автобус оруулж ирсэн хэрнээ түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүн суухад хэцүү. Ядаж л автобус нь тэргэнцэртэй хүн суух замаа гаргаж өгвөл хөгжлийн бэрхшээл нэг ч байхгүй болно. Жил болгон солиод байгаа замын хашилтын оронд намхан зам тавьчихвал би хүн гуйхгүйгээр өөрөө явж чадна. Гадаа гараад зам дээр хашилт тааралдахад би хүнээс гуйдаг, өөрөө гарч чадахгүй юм чинь. Жил болгон солихдоо өндөрлөөд байдгийг нь гайхдаг.
Бас хүмүүс намайг “Тэргэнцэртэй байж, эмнэлэг явж байна. Гэртээ байж байхгүй. Ажил хийж чадахгүй байж” гэдэг. Энгийн эрүүл хүмүүс бидэнтэй харилцахдаа энэ хандлага, харилцаагаа аваад хаячихвал хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл байхгүй болно. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл бидэнд биш, хүмүүсийн хандлага, бидний амьдарч буй орчны хүртээмжинд байдаг.