Төрийн ордон зодоонтой, түмэн олон шүүмжлэлтэй байна. УИХ-ын гишүүн, сайд нар хоорондоо гар зөрүүлж, бусдад бүдүүлэг үг хэлж, юм юм л болж байна. УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаяр нар 3-р сарын 27-ны өдөр Төрийн ордонд болсон, ХҮН-ын зөвлөлийн хурлын үеэр хоорондоо муудалцан, эцэстээ нэгнийхээ биед халджээ. П.Наранбаярын нүд хөхөрч, зүүн хөмсөг нь задарсан тул 2 оёдол тавиулан, шархны наалт наачихсан явна.

Төрийн түшээд Төрийн ордонд зодолдсон өмнө нь ч гарч байлаа. Хойшид ч тасрахгүй янзтай.
У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодоон
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2012.08.30-нд УИХ-ын гишүүн байхдаа чуулганы танхимаас Г.Баярсайхан гишүүнийг дуудан гарч, хоорондоо заамдалцаж авсан юм. Г.Баярсайханыг У.Хүрэлсүх цохиж унаган, дээр нь дарахад,Ч.Сайханбилэг салгасан удаатай.

У.Хүрэлсүхийг намынхаа нэрнээс “Хувьсгалт” гэсэн үгээ хусаж хаямагц, Н.Энхбаяр шүүрч аван, 2012 оны сонгуульд ороод, 11 суудал авч ялагдсан ч АН-тай хоршиж, Шинэчлэлийн Засгийн газрыг хамтарч байгуулсан. Энэ ялагдлаас болоод МАН УИХ-д бүлэггүй болж, гишүүдийнх нь уур хүрч, уушиг сагсайж явсан цаг.
Чуулганы танхимд их хурлын дарга З.Энхболдоос МАН-ын гишүүд бүлгээ нэхсэнээр гишүүд намаараа талцан хэрэлдэж, сүүлдээ зодоонд хүрсэн юм. Г.Баярсайхан, У.Хүрэлсүх нарын нанчилдаанаар энэ явдал дууссангүй. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өөд өөдөө халз тулан зогсож, үгэн зодоон үргэлжилсэн дээ.
О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын зодоон
2023.01.05-нд Төрийн ордон дахь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Д.Ганбат, О.Цогтгэрэл нар гар зөрүүлж, ордны хамгаалалтын алба түргэн авсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн 6 гишүүн 2022 оны 8-р сард даргаараа О.Цогтгэрэлийг сонгосноос энэ асуудал үүдэлтэй.
С.Эрдэнэ, Д.Ганбат нар үүнийг үл зөвшөөрч, “АН-ын бүлгийг тарааж, зөвлөлийн даргаар Д.Ганбатыг сонгосон” хэмээн мэдэгдсэн. Төрийн ордны 2-р давхарт байрлах АН-ын бүлгийн даргын өрөөнд О.Цогтгэрэлийг нүүж орох гэтэл Д.Ганбат өрөөгөө суллаж өгөөгүй. Түүгээр ч зогсохгүй, зодоондоо тулсан юм.
Уг маргаан 7 сар шахам үргэлжилсний эцэст хуучин дарга өрөөгөө суллаж, шинэ дарга нүүж орсон.

М.Нарантуяа-Нарагийн тухай гомдол иржээ
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад иргэдээс М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдол мэссэжээр болон бичгээр иржээ. Энэ талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад Б.Баярбаатар “М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой, сошиал орчинд иргэдтэй зүй бус харьцаж байгаа тухай, иргэдийг зүй бусаар доромжилсон гэх агуулгатай гомдол ирлээ. Мэдээж энэ бол УИХ-ын гишүүнд байж болохгүй ёсзүйн зөрчил мөн үү гэвэл мөн” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
М.Нарантуяа-Нара гишүүн энэ тухайгаа “Ёс зүйн зөрчил биш. 2 хүний хоорондын харилцааны асуудал. Миний хэлсэн үг ор тас үнэний оргүй юм биш. Нийгэмд байгаа үзэгдлийг гашуунаар нь, үнэнээр нь хэлсэн нь ёс зүйгүй үйлдэл юм уу. Авах арга хэмжээндээ бодох хэрэгтэй. Бодоорой. Миний хувьд олон нийтийн өмнө буруутай үйлдэл хийсэн, ёс зүйгүй авирласан юм байхгүй учраас уучлал гуйхгүй” гэж тайлбарлав.

Тэрээр ёс зүйн зөрчилд 2 дахь удаагаа холбогдоод байна. Өмнө нь цахимаар бараа сурталчилсан, УИХ-ын даргад урьдчилж мэдэгдэлгүйгээр гадаад явсан, чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гэж түүнийг буруутган, хариуцлага тооцуулахаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж 2024.08.20-нд Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандсан юм. Түүний дагуу уг байнгын хороо түүнд сануулах арга хэмжээ авчээ.
Ц.Мөнхтуяа гишүүний талаар гомдол ирээгүй байна
УИХ-ын гишүүн болоогүй байхдаа 2022 онд Ц.Мөнхтуяа 4 өнчин хүүхдэд байр авч өгөхөөр МҮЭХ-ны нэрээр 80 орчим сая төгрөгийн хандив цуглуулсан байдаг. Ингээд авсан байраа хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөөгүй, бусдын нэр дээр авсан, тухайн байранд хүүхдүүдийг оруулаагүй, багш оруулсан гэх асуудалд холбогдсон юм.
Сургуулийн насны 2 хүүхдийг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум руу шилжүүлэн, дотуур байртай сургуульд оруулсан байжээ. Энэ хооронд тэдний байранд 2 багшийг оруулсан байсан гэнэ. Ингэхдээ хүүхдүүдийг байрнаас нь хөөж гаргаад, багш оруулахаар сүрдүүлж, “Миний мууг үзсэн зарим хүн шоронд, зарим нь шороонд булагддаг” гэж заналхийлсэн нь ил болсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “3 дүү нь эзэнгүй болоод, 2 багшаар харуулаад, хажууд нь байсан юм. Хүүхдүүдийг харах эзэнгүй, хэцүү байхаар нь дотуур байртай сумын сургууль руу явуулсан юм, гуйж байгаад. Дүү нараа явсны дараа өөрөө байсан. Жирэмсэн байсан, эгч нь. Багш гэдэг нь багш биш, 2 оюутан. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа.
Гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
УИХ-ын гишүүн Б.Найдалаатай холбоотой гомдол Ёс зүй, дэгийн байнгын хороонд ирээгүй байна. Боловсролын сайд П.Наранбаяр ч тус хороонд хандаагүй аж. Гэхдээ ямар ч тохиолдолд бусдад гар хүрнэ гэдэг бол байж болохгүй явдал. Гэтэл цохьсон, хөмсгийг нь сэтэлчихсэн байгаа нь яах аргагүй ёс зүйн зөрчил мөн. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ч үүнийг сэдлийн хувьд ёс зүйн зөрчил мөн гэж үзэж байв. Нэгнийгээ цохиж хохироосон, бусдын биед халдсан нь тусдаа хуулиар зохицуулагддаг. Эрүүгийн хуулиар зохицуулдаг асуудал.
Ц.Мөнхтуяа гишүүнтэй холбоотой албан ёсны гомдол УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд ирээгүй байна. Тиймээс түүний талаарх асуудлыг тус хороо хэлэлцэхгүй. Гомдол ирсэн ч дээрх асуудал нь Ц.Мөнхтуяаг УИХ-ын гишүүн болоогүй байхад үүссэн тул УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо тэр талаарх гомдлыг хүлээж авах, хэлэлцэх боломжгүй.
Харин М.Нарантуяа-Нара гишүүний үг, үйлдлийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэх нь тодорхой боллоо. Түүнд энэ удаад ямар хариуцлага тооцох бол? М.Нарантуяа-Нара гишүүний УИХ-ын гишүүний ёс зүй зөрчөөгүй гэж үзэж ч магадгүй.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нар Ёс зүй, дэгийн байнгын хороогоор М.Нарантуяа-Нара гишүүнтэй хамт орох нь. Тус хорооны 2025.01.21-ны хурлаар ажлаа байнга тасалж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн. Гишүүдийн ирцийн мэдээллийг А.Ариунзаяа гишүүн нарийвчилж гарган, дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон юм.

Өөрсдийг нь төлөөлж УИХ-д суусан гишүүд ажлаа хийхгүй, хуралдаа суухгүй байгаад сонгогчид таагүй хандаж байгаа. УИХ-ын гишүүний үндсэн ажил, үүрэг нь бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд суух, хууль батлах. Энэ үүргээ гүйцэтгэхгүй, ажлаа хийхгүй атлаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдэлж, нэрийг нь хэрэглэж яваа хүн олон.Тэдэнд “Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай байна.
УИХ-ын Тамгын газар гишүүдийн ирцийн мэдээллийг байнга гаргаж, олон нийтэд мэдээлж байгаа ч ажлаа тасалж буй гишүүдэд нөлөөлөхгүй байна.

Ёс зүй зөрчсөн гишүүдэд ийм хариуцлага тооцдог
УИХ 2021.12.30-нд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёсзүйн дүрэм”-ийг шинэчлэн баталсан.
Монгол Улсын Их Хурлын … би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь ёс зүйн дүрэм тусалдаг.
УИХ-ын гишүүн бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ. Чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно. Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй. Бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Энэ дүрэм Төрийн ордон төдийгүй бусад газарт ч үйлчлэх учиртай. Ордон дотор УИХ-ын гишүүн, ордноос гараад тэд энгийн ард болчихдоггүй шүү дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ хаана ч далайлгаж, ямагт түрий барьж явдаг улс. Халдашгүй дархан эрхээрээ хаалт хийчхээд, шүүхийн шийдвэрийг ч биелүүлэхгүй, үл тоож яваа гишүүн ч байж л байна.
УИХ-ын гишүүн ёс зүйгээ зөрчсөн бол Ёс зүй, дэгийн байнгын хороо хариуцлага тооцох ёстой. Тус хороо болон УИХ-ын даргад гишүүд төдийгүй жирийн иргэд ч гишүүний ёс зүйн талаар гомдол гаргаж, мэдээлэл өгч болдог. Хуулийн этгээд ч хандаж болно. Ёс зүй, дэгийн байнгын хороо тухайн мэдээлэл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хянан шийдвэрлэнэ. Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан, сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, 1-6 сарын цалингийн 20%-ийг хасах зэрэг сахилгын хариуцлага ногдуулна.
Сануулгыг Ёс зүй, дэгийн байнгын хороо өгч, тогтоол гаргана. Уучлал гуйхыг тус хороо даалгасан бол УИХ-ын гишүүн түүнийг ажлын 5 хоногийн дотор биелүүлж, уучлал гуйсан тухайгаа Ёс зүй, дэгийн хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ уучлал гуйхгүй бол тэр тухай Ёс зүй, дэгийн байнгын хороо олон нийтэд албан ёсоор мэдээлдэг. Гэвч өдий болтол хэн нэг гишүүнд уучлал гуйхыг даалгасан тухай сонсоогүй.
Хэрвээ цалингаас нь хасах хариуцлага тооцсон бол Ёс зүй, дэгийн байнгын хороо тогтоол гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ. Түүнийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 5 хоногийн дотор УИХ-ын цахим хуудсанд нийтлэх үүрэгтэй. Гэвч ийм тогтоол одоо болтол үзэгдсэнгүй.
Хэрвээ иргэд, хуулийн этгээд гомдол гаргасан, мэдээлэл өгсөн бол тухайн гишүүнд ямар хариуцлага тооцсон тухайгаа буцаагаад бичгээр мэдэгдэх учиртай. Ийм хариу авсан иргэн ч байдаггүй бололтой. Гомдол гаргасан иргэн ч өдий болтол гараагүй биз.
Ёс зүй, дэгийн байнгын хороо:
- Дарга Б.Баярбаатар
- Гишүүн: А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Батсуурь, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, Г.Очирбат, Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Д.Энхтуяа
126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентын ёс зүй, улс төрийн соёл өнөөдрөөс эхэлж байна” гэж онцолсон. Шинэ цагийн парламентын ёс зүй, улс төрийн соёл гэдэгт УИХ-ын гишүүдийн ёс суртахуун ч багтана.