Цаг уур, орчны шинжилгээний газар хүйтний улиралд цаг агаарт зориуд нөлөөлөх шаардлага үүсжээ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа улсууд өөрийн орны газар зүйн онцлог, үүл үүсэж хөгжих, шилжихэд нөлөөлөх байдал зэргээс хамаарч, уг ажиллагаанд ашиглах техник, технологио сонгодог аж.
Манай улс зөвхөн дулааны улиралд бороо оруулах, мөндрийн үүлийг саринуулах зорилгоор үүл буудаж байна. Тэгвэл сэрүүн бүсийн орнууд өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, өвлийн спорт болон бусад арга хэмжээнд зориулж, үүл буудан, цас оруулдаг юм байна. Энэ нь дулааны улиралд үүл буудах арга, технологитой адил. Үүнд нисэх онгоц, пуужин, газрын генератор/түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон ашиглаж, иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдэг.
Монгол орны ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломжийг бүрдүүлэх, туршилт судалгаа явуулах шаардлагатай байгаа юм. Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн. Одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байна.