Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног эхэллээ. Бие даалт 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Бие даалтын 7 хоногт “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг, осол, аюулаас өөрийгөө болон өрөөлийг аврах сургалтад хамрагдах юм. Энэ сургалтыг аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар төлөвлөжээ. Бие даалтын 7 хоногт зохион байгуулах сургалтыг орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурлан явуулна. Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Нийслэлийн сургуулиуд 3-р сарын 28-ныг дуустал танхимаар хичээллээд, 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд бие даалт хийнэ. Ингээд нийслэлийн сурагчид 4-р сарын 7-ноос амарч, 4-р сарын 14-ний даваа гарагт хичээл эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралт хот, хөдөөд 7 хоногийн зөрүүтэй эхэлж байгаа юм. Хөдөөгийн сургуулиудын сурагчдын бие даалтын 7 хоног өнгөрсөн 7 хоногт дуусаж, өнөөдрөөс амарч эхэллээ. 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-ний өдрийг дуустал 16 хоног амарч, 4-р сарын 14-нд хичээл эхэлнэ.