1Xbet зэрэг цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д энэ сарын 26-ны өдөр өргөн барьсан. Энэ талаар өмгөөлөгч, “Онч сэцэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Байгалмаатай ярилцлаа.

–Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хуулийн төслийг өргөн барилаа. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд хэр тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Цахим мөрийтэй тоглоомыг зохицуулалтгүй, хяналтгүй орхисноос болоод нийгэмд учирсан хор уршиг нь аюулын харанга дэгдэхээр байдалд ороод удаж байгаа.
Жишээ нь, цахим орчинд “1X BET-ийн хохирогчдын групп” гэж групп үүссэн байна лээ. Тэнд олон жил тоглож, донтсон хүмүүс өөрсдийнхөө талаар бичсэн байгаа. Донтсон залуучууд эхлээд өөрт байгаа бүхнээ зарцуулна. Дараа нь шархаа нөхөхийн тулд аав ээж, ах дүү, найз нөхдөөсөө зээлэх юм уу, эсвэл худал хэлж мөнгө аваад дотны хүмүүсээ хохироодог. Сүүлдээ өр нь дааж давшгүй их болж, сэтгэл гутралд ороод амиа хорлосон тохиолдлууд цөөнгүй гарч байна.
Маш олон гэр бүл цахим мөрийтэй тоглоомын донтолтоос болж салж байна. Энэ нь нийгэмд маш их хор уршигтай. Аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүний хөгжил гэж үздэг. Хүнээ хөгжүүлэхийн тулд хүүхэд байхаас нь суурийг нь зөв тавих ёстой. Хүүхдийн хөгжлийн гол орчин нь гэр бүл болон цэцэрлэг сургууль байдаг. Гэтэл гэр бүл салах нь хүүхдийн сэтгэл зүйд хүнд цохилт, сэтгэлийн шарх өгдөг. Мөн байнга мөрийтэй тоглодог, донтсон эцэг эхээ харж өсөж байгаа хүүхэд ямар үлгэр дуурайлтай өсөх вэ. Хүүхэд бол эцэг эхийн толины тусгал шүү дээ. Тэгэхээр хуулиа батлахдаа эрсдэлээ тооцож, зөв зохицуулбал олон залуусын амьдралыг аварч, гэр бүл, үр хүүхдэд нь учрах зовлонгоос гэтэлгэнэ гэсэн үг.
-Энэ хуулийн төсөлд мөрийтэй тоглоомыг сурталчилж уриалсан тохиолдолд Зөрчлийн хуулиар торгох, мөн эрүүгийн хууль, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан байсан?
-Цахим мөрийтэй тоглоомоос болж гадаад руу их хэмжээний валют урсаж байгаа нь эдийн засагт хохирол учруулж байгаа. Гэвч эдийн засгийн хохирлоос илүү хор уршиг нь гэр бүл, хүний хөгжилд учруулах хор уршиг юм. Өмнө хэлсэнчлэн хүнээ хөгжүүлж чадсан улс л хөгжлийн өндөр түвшинд хүрдэг. Хүний хөгжилд мэдлэг боловсролоос гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал нөлөөтэй. Мөрийтэй тоглоомгүй, амар тайван орчинд, хайран дунд өссөн хүүхэд л сэтгэцийн хувьд эрүүл иргэн болж төлөвшдөг. Тэгэхээр мөрийтэй тоглоомд донтсон хүний ард эцэг эх, эхнэр нөхөр нь шаналж, сэтгэл зүйн дарамтад ордгоос гадна үр хүүхдийнхээ сэтгэцэд гэмтэл учруулж, илүү их амжилтад хүрэх боломжийг нь үгүй хийж байгаа гэдгийг сайн ухаарч ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд учрах хор аюулын хэмжээ их байх тусам түүнд оноох хариуцлага, торгууль, ялын хэмжээ өндөр байдаг. Тиймээс мөрийтэй тоглоом сурталчилж, зохион байгуулагч нарт өндөр торгууль оноох нь зүйтэй. Торгууль нь бага байвал “За яадаг юм, торгуулиа төлчихнө” гэсэн байдлаар хандах болов уу. Хориглосон хуулийн зохицуулалт ч үр дүндээ хүрэхгүй байх эрсдэлтэй.
-Цахим мөрийтэй тоглоомд залуус хэт автаж, амьдралаа үрж байгаа жишээнүүд байдаг. Таны хувьд үүнийг ямар байдлаар зохицуулбал зөв гэж бодож байна вэ?
-Мөрийтэй тоглоомыг хориглосон хууль батлахаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хамтад нь хийх ёстой гэж бодож байна. Олон жил мөрийтэй тоглоом тоглоод донтолттой, эмгэгтэй болсон залуучуудыг эмчлэх, ухааруулах, ажлыг цогцоор нь төлөвлөж, үүнд зориулж төсөв батлах шаардлагатай. Иймд хүүхдийг багаас нь гар утас, сошиал орчны хэрэглээг цагийн хязгаартай байлгах шаардлагатай. Хүүхдийг гурван нас хүртэл нь зурагт, гар утаснаас хол байлгах, 3-6 насанд нь өдөрт дээд тал нь 30-60 минут тухайн насанд нь тохирсон хүүхэд хөгжүүлэх үлгэр, нэвтрүүлэг үзүүлж, үзсэн зүйлийн талаар ярилцаж байх, 7-12 насанд өдөрт дээд тал нь 1 цаг 30 минут байвал зохистой гэж зөвлөдөг. Дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийг анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, ууртай уцаартай болгож хувиргадаг. Гадны зарим улсад хүүхдийг бага наснаас нь цахим хэрэглээнд оруулж, дэлгэц их үзүүлснээс үүдээд анхаарал төвлөрлийн эмгэгтэй хүүхдүүд олширсон. Тэдгээр хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эм ууж байж л хичээлээ хийж байгаа жишээ бий.
-Манай улсын хувьд спорт бооцоог хуульдаа хэрхэн тусгаж, зохицуулбал зөв бэ?
-Спорт бооцооны хувьд бооцоо тавих мөнгөний дээд хязгаарыг тогтоож, зохицуулж болно гэж боддог. Жишээ нь, хөлбөмбөгийн спорт бооцооны хувьд зөвхөн аз ёндоогоор мөрий тавьдаггүй, харин тухайн спортын багуудын талаарх өөрийн мэдлэг, мэдээлэлд үндэслэн бооцоо тавьдаг учраас тухайн хүн мөнгө хожих магадлалтай байдгаараа мөрийтэй тоглоомоос ялгаатай. Мөн үнэтэй эрлийз морь худалдаж авсан уяачид морьдоо уралдуулахын тулд жагсаал цуглаан зохион байгуулаад яваад байгаа. Эрлийз морьдоо богино зайд, насанд хүрсэн хүнээр унуулж, морин тойруулгад уралдуулаад, тодорхой хэмжээний мөнгөөр спорт бооцоо тавиулж, жуулчдад байнга үзүүлж болно. Эрлийз морьдын уяачдын холбоогоо тусад нь байгуулаад, дундаасаа санхүүжилт босгоод, дэд бүтэц, морин тойруулгын зам, нойлын асуудлаа шийдэж чадвал спорт бооцоогоор дотоодын болон гадны жуулчдаас орлого олох боломжтой. Хажууд нь бэсрэг бөхийн барилдаан, харваа зохион байгуулаад жуулчдад сонирхуулж, эрийн гурван наадмаа богино хугацаанд танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг зарж болно. Үүнийг хуульд тусгахдаа уралдааны моринд допинг хэрэглэвэл яах вэ, уралдааны үр дүнд хууль бусаар нөлөөлбөл ямар хариуцлага хүлээлгэх гэх мэтээр гарч болох эрсдэлийг тооцож, уралдах дүрэм журмаа тодорхой болгох хэрэгтэй.
-Гадны орнуудад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх, эсвэл зохицуулах ямар сайн туршлага байна вэ?
-Тухайлбал, Сингапур улсын хууль нь маш хатуу. Тийм ч учраас буруу, муу зүйлд уруу татагдах нь харьцангуй бага байдаг. Мөрийтэй тоглоомын зарчим нь эхлээд чамд өгөөш хаяж өгнө. Өгөөшиндөө амтшуулах замаар донтуулдаг. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Тухайн хүний донтолтыг ашиглаад л мөнгө олж байгаа хэрэг. Өндөр хөгжилтэй орны боловсролтой, өөрийгөө хянах чадвартай хүмүүс чөлөөт цагаараа хааяа нэг тоглож болно. Харин манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгаа билээ. Авч байгаа цалин мөнгө нь ар гэрээ авч яваад цааш нь илүү гарахгүй байхад л энэ төрлийн тоглоомыг тоглож байна. Цалингаараа өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангачихаад үлдсэн мөнгөөрөө тоглож болно шүү дээ. Амар хялбар аргаар мөнгө олох залуусын гэнэн бодолд дөрөөлөөд түүгээр ашиг олох боломжийг хаах ёстой. Манай улсын хүн амын боловсролын түвшин хэр байгаагаасаа шалтгаалаад бүрмөсөн хориглох эсэхээ шийдэх нь зүйтэй. Санал асуулга явуулж, маш их бодож байж хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлаас үүдэж олон хүн хохирох эрсдэлтэй. Хэдэн хүн хохирсон, ямар сөрөг үр дагавар гарсан, хэдэн хүн энэ мөрийтэй тоглоомоос болж амь амьдралаа алдаж, амиа хорлосон бэ гэдгийг нарийвчлан судлах ёстой.
Г.Балгармаа