horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Батхишиг: Байгалийн гайхамшиг гэдэг өөрөө бурхан юм билээ

post-img

Гималайн нурууны ноён оргилуудын нэг, 8163 м өндөртэй дэлхийн найм дахь өндөр оргил болох “Манаслу”-д амжилттай гарсан Монголын анхны эмэгтэй уулчин, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батхишигтэй ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 14-ний өдөр Эверестийн оргилд гарахаар мордох гэж буй юм.

-Та хэдэн оноос ууланд авирч эхэлсэн бэ. Уулын спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би 2004 оноос 2010 он хүртэл гурван хүүхэд төрүүлсэн. Гурван хүүхдээ эрүүл агаарт гаргаж, уул руу авч явдаг байсан юм. Ялангуяа “Их тэнгэрийн ам”-ны зүүн талаар их гардаг байсан. 2013-2016 онд АНУ-д сурч байхдаа хүүхдүүдээ найзтай болгох үүднээс ойр тойрны айлуудынхаа арваад хүүхдийг уул руу дугуйгаар авч явдаг байлаа. Япон, Хятад, Араб зэрэг дэлхийн улс орнуудаас ирсэн эцэг эхчүүд надад итгээд хүүхдүүдээ уул руу явуулчихдаг нь гоё байсан. Энэ нь намайг уулын спортод дурлахад түлхэц болсон.

-Та Асралт хайрхан, Хүйтэн, Ленин оргил, Лхоце оргил зэрэг 19 ууланд авирсан юм билээ. Өндөр нам, цастай, цасгүй гээд ялгаа их биз?

-Уулын спортыг холимог авиралт гэж ярьдаг юм. Гималайн нуруу, Памирын нуруу, Алтай Таван богд хэдий цастай ч наана нь чулуу, шороо, мөстэй замаар авиралт хийж байгаад цас, мөстэй орчин руу гардаг. Уулын спортыг үзэгчгүй, хүнд спорт гэж хэлсэн нь ч бий. Нөгөөтэйгүүр, ууланд авирахад олон цагаар, олон хоногоор явдаг болохоор толгой их ажиллана, бясалгалын орчин ч бий болдог. Олон өдрийн турш маш хүнд нөхцөлийг даван туулсны эцэст оргил дээр нь гарахаар хэчнээн гоё мэдрэмж төрдөг гээч. Тэр мэдрэмжийг илэрхийлэхэд үг ч дутмаар.

-Ууланд авирахдаа ч, буухдаа ч алхам бүрээ бодож төлөвлөх хэрэгтэй байх, тийм үү?

-Алхам болгон үнэ цэнэтэй. Дээшлэх тусам хүчилтөрөгч багасдаг. Ингэх тусам бидний алхалт үнэ цэнэтэй, гишгэлт маань хүртэл удаан болдог. 300-хан метр газрыг 12 цаг явах жишээний. Тийм их тэсвэр тэвчээрийн спорт.

-Одоогийн байдлаар таны авирсан хамгийн өндөр оргил Лхоце (8516 м) юу?

-Тийм. Эверест бол дэлхийн топ оргил. Непалд бид уулын такс гэж төлдөг. Уулын өндөр болон бусад хүчин зүйлээс шалтгаалан такс нь өөр өөр байдаг. Хамгийн өндөр такстай оргил бол Эверест. 30-49 мянган ам.долларын үнэтэй байдаг. Энэ нь тус компаниар хэдэн удаа үйлчлүүлсэн, хэдэн удаа Непалд очсон зэргээсээ хамаардаг. Нэг шерпатай явах үнэ, хоёр шерпатай явах үнэ нь ч өөр.

-Энэ оргилд авирахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Эхлээд 14 хоног өндөр авалт хийж алхдаг. Энэ алхалт маань биднийг өндөрт дасгадаг. Хэрэв тухайн хүнд өндөр орвол жаахан уруудуулдаг. Толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх зэргээр хүн хүнээсээ хамаараад янз янзын шинж тэмдэг илрэхийг өндөр оролт гэдэг. 14 хоног алхчихаад эхний өндөр авалтаа хийдэг. Ингэхдээ бид цаг агаарыг хардаг. Тэнгэр хэзээ онгойж таатай орчин бүрдэнэ тэр үед нь “Кемп-3” хүртэл явдаг. Энэ хүртэл явахад л дөрвөн хоног зарцуулдаг. Ингээд дахиад цаг агаарын таатай нөхцөл бүрдэнгүүт “Кемп-4” хүртэл явдаг. Энэ үед ерөнхийдөө оргилддог учраас хүчилтөрөгчөө зүүж эхэлдэг. Яагаад гэвэл хүчилтөрөгч маань ч тодорхой хэмжээний үнэтэй. Хүчилтөрөгчгүй авирдаг хүмүүсийн бэлтгэл арай өөр байдаг. Харин бид хүчилтөрөгчөө зүүгээд, шерпагаа аваад, ууландаа залбираад гарах нь их зөв байдаг. Хүн ер нь ууланд ам гарч болохгүй, амлаж болохгүй, том ярьж болохгүй гэдгийг л өндөр оргилуудад авирч явахдаа мэдэж авлаа. Бурхан минь, намайг гарахад шуурга битгий болоосой гэж залбираад л өгсдөг дөө. Энэ л миний ганц гуйлт. Өндөр уулсын цаг агаар хувирамтгай, хувьсамтгай. Монголын цаг агаар тогтвортой гэдэг шиг өндөр уулын цаг агаар үргэлж тогтворгүй байдаг.

-Дэлхийн дээвэр болсон сүрлэг уулсын оргилд гарахаар харагдах орчин ямар байдаг вэ. Тэр үед танд ямар мэдрэмж төрдөг талаар хуваалцахгүй юу. Нар их ойрхон харагддаг байх?

-Хоёр шөнийн нойр, гурван өдрийн хоолгүй яваад оргилдоно гэдэг хүнд байдаг. Хэлэхэд амархан ч хийхэд хүнд спорт. Оргил дээр нь гарчихаад нулимс дуслуулсан үе их байсан. Нар, сар, үүл, одод, уулан дээр тусаж байгаа нарны цацраг үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай харагддаг. Манаслу оргилын оройд туссан сүүдэр яг л бурхан суучихсан юм шиг солонгорч харагдсан. Үүлний дээгүүр хэд хэдэн уулын орой харагддаг. Тэр орой болгон гоё гоё өнгөтэй. Тэр бүхнийг тольдоно гэдэг их гайхамшигтай. Нөхрийн маань найз намайг “Манаслу” оргил (8163 м)-д гарчихаад ирэхэд “Бурхантай уулзаад ирэв үү” гэж асууж байсан удаатай. Байгалийн гайхамшиг гэдэг өөрөө бурхан юм билээ. Тэрийг л харсан. Нар их ойрхон харагддаг. Нар тусах үед Монголынхоо төрийн далбааг бариад, сэтгэл хөдлөөд зогсож байх үнэхээр сайхан. Өндөр уулын оргилд бараалхаад зогсож байхад мандаж буй нар надад дахиад нэг удаа өөрчлөлт хий, бүхнийг хайрла, үргэлж дурла, хүмүүн заяанд урам өг, хорвоо дэлхийд таларх, өөрийгөө болон өрөөлийг урамшуул, өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө зүтгэ гэж хэлдэг.

Та ирэх сард дэлхийн ноён оргил болох Эверест рүү авирахаар мордох гэж байна. Ер нь хэзээнээс Эверест рүү авиръя гэсэн бодол төрөв?

-Манаслу оргилоос өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны орой буусан. Аравдугаар сарын 1-нд миний төрсөн өдөр болдог юм. Тэр өглөө манай компанийнхан, менежерүүд хүрч ирээд “Орой таны төрсөн өдрийг тэмдэглэнэ шүү” гээд бүх уулчид 19:00 цагт хүрч ирсэн. Би тэр шөнийн 22:00 цагт Монгол руугаа нисэх байсан юм. Төрсөн өдрийн бялуун дээр хоёр жижигхэн лаа асаасан. Гэтэл тэр лаа 5-6 минут унтраагүй. “Би 2025 онд Эверестэд оргилдоно” гээд хүслээ шивнэчихээд лаагаа үлээсэн боловч лаа маань арван удаа унтарчихаад л дахиж асаад байсан. Тэр надад их гоё мэдрэмж төрүүлсэн. Миний үг, үйлдэл үнэн байдаг. Хэлсэн л бол хийх гэж хичээдэг, оролддог.

-Эверестийг та хэр судалсан бэ?

-Би өмнө нь Эверест рүү явах гэж байгаад чадаагүй. Тэр үедээ би дөрвөн сарын турш Эверестийн тухай бүх киног дуустал нь 4-5 удаа үзсэн. Өндөр ууланд авирахын тулд биеийн хүчний дасгалаас гадна сэтгэлийн хат суух дасгал хийх ёстой. Тэр кинонуудыг үзээд Эверест рүү авирах бүх замыг нь сайн харж, төлөвлөсөн.

-Ууланд явахад юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Өндөр ууланд явж байхдаа тайван явах ёстой. Нэг нэгнээ стресстүүлж, уурлуулж ч болохгүй. Нэгнийгээ инээлгэж баясгаж явах учиртай. Хөтөч хамгийн муу алхдаг хүнийхээ алхалтаар явах ёстой. Гэтэл хөтөч нар түрүүлээд явчихдаг. Муу алхдаг хүнээ дунд нь юм уу урд нь авч явуулах хэрэгтэй. Муу алхдаг хүмүүс урд нь явахдаа санаа нь зовоод байдаг. Тиймээс тэр хүнээ хүндлээд, түүний алхалтаар явах ёстой. Хөтчүүд маань аяллын эвент зарлачихаад хүмүүстэйгээ нэг юм уу хоёр долоо хоног алхаж үзэх хэрэгтэй. Ингэж байж хэн нь муу, хэн нь сайн алхаж байгааг нь тодорхой болгоно шүү дээ. Уулын спорт бол уралдаан тэмцээн биш. Өндөр орчихсон хүнийг 8-10 цагийн дотор буулгах ёстой байдаг. Тэгэхгүй бол амиа алдах аюултай. Уулчдадаа анхааруулж хэлэхэд, өндөр ууланд нэг нэгнээ уйлуулж болохгүй, аль болох тайван байлгахыг хичээх хэрэгтэй шүү.

-Та маш их саад бэрхшээлийг даван туулж олон уулын оргилд гарч чаджээ. Тэр бүхнээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн нь ямар оргил вэ?

-Манаслу оргил, Лхоце оргил хоёртоо би маш их хайртай. Миний биеийн байдал маш хүнд байсан ч Лхоце оргил дээр гарч чадсан. Манаслу оргил дээр гарахад орчлон хорвоо намайг ивээн тэтгэчихсэн юм шиг, өвөг дээдэс минь намайг хараад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж Манаслу оргилын үүлэн дээр туссан сүүдрийн оройг тойроод солонгорсон өнгө гараад ирсэн. Тэр нь надад яг л бурхан завилаад суучихсан юм шиг харагдсан. Дараа нь Манаслу оргилоос бууж ирээд лаа үлээхэд унтарчихаад дахиад асаад л байсан. Манаслу оргилын үндсэн отог руу алхаж байх замд намайг гурван өдөр эрвээхий тойрч эргэлдсэн. Би тэр эрвээхийг эхний хоёр өдөр анзаараагүй. Би бас “Манас-лу” гэдэг үгийн учрыг олсон. Би луу жилтэй. Энэ оргилд авирсан жил ч луу жил байсан. Манаслу оргил дээр гарсных луу жилдээ ас. Ассан хойноо мөрөөдлөө манаад, Эверест рүү яв гэсэн мэдрэмж өгсөн. Би хорт хавдраар оношлогдож одоо бүрэн эдгэрсэн. Хавдар туссан хүмүүсийн 60 хувь нь үхдэг гэж ярих юм. Тийм биш байгаасай. Хавдар туссан хүн бүр эдгэодэг байгаасай, энэ уур амьсгалыг эвдчих юмсан гээд Манаслу оргил руу 49-нийхөө жил дээрээ авирсан. Ерөөсөө айгаагүй шүү дээ. Хүү минь надад “Ээж ээ, та Лхоце оргилд түүх бүтээгээд ирж чадсан юм чинь Манаслу оргилд ч түүх бүтээгээд ирж чадна” гэж хэлж, урам өгсөн.

-Ууланд авирч байхад хань ижил, үр хүүхдүүд тань их бодогддог уу?

-Шууд бодогдоно шүү дээ. Гэр бүлийнхээ тэр их хайрыг энэ сайхан оргилд авч ирж байна гэж бодон зургийг нь өвөртлөөд явдаг. Монголынхоо далбааг, гэр бүлийн зургаа, Монголынхоо мөнгөн тэмдэгтийг ч бас мандуулдаг. Лхоце оргилд арван мянгатын 30 дэвсгэртийг мандуулчихаад өндөр уулын авшиг хийморь, энерги шингэсэн тэр мөнгийг 30 айлд тарааж өгсөн. Манаслу оргилд гарахдаа ч хорин мянгатын гучаад дэвсгэрт авч гарсан.

-Та хорт хавдрыг даван туулсан хүний хувьд энэ өвчинтэй тэмцэж байгаа хүмүүст дайх үг байна уу?

-Хэлэхийг хүссэн үг их байна. Тэр дундаа хорт хавдрыг эмчлэх эмчилгээ нь хортой эмчилгээ байдаг. Энэ эмчилгээний хорыг тайлах арга бол ерөөсөө л алхах. Яг үнэндээ Монголын агаар бол эм, эмнэлэг. Үүний хүчинд эдгэсэн гэж боддог. Аливаа зүйл энгийн байхдаа амттай байдаг. Алхалт хүнийг эдгээдэг. Ямар ч хүн юунаас ч болоод өвдөж болно. Өвчин хэлж ирдэггүй. Тэр их өвдөлтийг, хортой эмчилгээг тэсэж тэвччихээд алхалт л хийгээрэй. Сүүлийн үед би өөртөө “Эрүүлзгэнэ” гэдэг нэр өгчихсөн байгаа шүү.

Ө.Анхзаяа

0/1000