horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Нэрт жүжигчин Ричард Чэмберлейн 90 насандаа таалал төгсжээ

post-img

Америкийн нэрт жүжигчин Ричард Чэмберлейн 90 насандаа таалал төгсжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Харлан Боллын мэдэгдсэнээр, жүжигчин Ричард Чэмберлейн орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн шөнө АНУ-ын Хавай мужийн Вайманало хотод цус харвалтын дараах хүндрэлээс болж нас барсан байна. Тэрээр 91 нас хүрэхээсээ хоёрхон хоногийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Ричард Чэмберлейн 1934 онд Калифорни мужийн Беверли Хиллс хотноо мэндэлж байсан бөгөөд тэрээр уран бүтээлийн гараагаа 1961 онд “Килдэйр эмч” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглож эхэлж байсан юм. Уг цувралд тоглосон дүрээрээ олонд танигдаж эхэлсэн Р.Чэмберлейн маш олон телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн ба “Богино хэмжээний телевизийн цувралуудын хаан” хэмээх нэрийг хүртэж байсан ажээ. Түүний тоглосон хамгийн алдартай уран бүтээлээр 1980 оны “Шёгун” болон манай үзэгчдийн сайн мэдэх “Өргөст модны шувуу” хэмээх 1983 оны телевизийн олон ангит кинонууд нэрлэгддэг билээ.

Жүжигчин Ричард Чэмберлейн мөн 1973, 1974, 1989 онуудад хийгдсэн “Шадар гурван цэрэг” цуврал уран сайхны кинонд Арамисын дүрийг бүтээснээс гадна 1988 онд гарч байсан “Борн” телевизийн кинонд Жейсон Борны дүрийг бүтээсэн анхны жүжигчин юм.

Телевизийн цуврал, уран сайхны кино уран бүтээлүүдээс гадна тэрээр тайзны жүжиг, мьюзиклд ч мөн тоглож байсан бөгөөд тэрээр шоу бизнесийн салбарт 60 гаруй жил ажилласан түүхтэй. Ричард Чэмберлейн өөрийгөө ижил хүйстэн байсан гэдгээ нэлээн хожуу буюу “Сүйрсэн хайр: Намтар” хэмээх номондоо илчилж байсан байна.

Ричард Чэмберлейн уран бүтээлийн замналынхаа туршид 30 орчим кино, 20 орчим телевизийн кино, 26 телевизийн цувралд тоглож, “Алтан бөмбөрцөг” шагналыг 3 удаа хүртэж байжээ.

0/1000