УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариулахдаа ” Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. УИХ 39 ордыг стратегийн ордод бүртгэ гэдгийг шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд стратегийн ордуудыг гадаадын иргэдэд зарсан, үрсэн ашиг хонжоо олсон, оффшорт аваачиж хийсэн. Баялагтаа эзэн болох боломж 18 жилийн өмнө байсан. Одоо хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр гэдэг хэрүүл биш тулган шаардалт бас биш. Хэлэлцээр гэдэг бол ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглэн газрын хэвлийн баялгийн 50+1 буюу ард түмний мэдлийн эзэмшлийг л хангуулах юм.
Стратегийн ордуудын хэлэлцээрийг эхлүүлэхэд их төвөг учирна. Энэ танхимд сууж буй та бүхний манлайлал их чухал үүрэгтэй шүү. Баялагийн санг ард түмэнд өгье гээд Манай улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга гуай хөдөө орон нутгаар яриад явж байна лээ. Одоо үгээр биш үйлдлээрээ үзүүлэх цаг болсон. Тантай нэр холбоотой төгрөг нуурын ордын асуудлыг ч ярих цаг болсон. Энэ ордыг 250 сая доллароор гадаадын 4 иргэнд зараад мөнгийг нь оффшор дансаар дамжуулж авсан байсан. И-Монголиа дээр байгаа иргэн таны 138 мянган төгрөгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж энэ ажлын хэсэг үйлээ үзэж байна” гэв.